БНСУ-ын кимчиний экспорт 20 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-18 13:39:07

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын кимчиний экспортын 2018 оны хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар өсөж, 97.5 сая ам.долларт хүрсэн байна. Энэ тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэв.


Хөдөө аж ахуйн яам энэ үзүүлэлтийг 2006 оноос эхлэн эмхэтгэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд экспортын хэмжээ урьд өмнө байгаагүй хамгийн өндөр дүнд хүрчээ. Түүнчлэн 2018 онд кимчи импортлогч орнуудын тоо нэмэгдэж, 68 хүрсэн байна.


Тэдгээр орнуудыг худалдан авалтын хэмжээгээр нь авч үзэхэд Япон улс нэгдүгээрт жагссан байна. 2018 онд тус улс нь нийт 56 сая ам.долларын үнэ бүхий кимчи импортолсныг өнгөрсөн оныхтой харьцуулахад 23 хувиар өссөн байна. Тус улсын араас АНУ /9 сая ам.доллар/, Тайвань /5 сая ам.доллар/, Хонконг /4.5 сая ам.доллар/ тус тус жагсжээ.


“Кимчиний экспорт өссөн нь дэлхий нийтэд энэхүү бүтээгдэхүүний ач холбогдол, ашиг тусыг таниулахад Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргасантай холбоотой. Цаашид экспортын өсөлтийг хадгалах зорилгоор бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, савлагааг сайжруулахад гол анхаарлаа хандуулах болно” гэж Хөдөө аж ахуйн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

Связанные новости