Их Британийн парламент Brexit-ийн гэрээг баталсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн санал болгосон Brexit-ийн гэрээг тус улсын парламентын гишүүд баталсангүй. Ийнхүү Их Британи Европын Холбооноос /ЕХ/ хамгийн “хатуу” нөхцөлтэйгөөр гарах эсвэл Brexit-ийг бүхэлд нь цуцлах зэрэг үйл явдал цаашид хэд хэдэн хувилбараар өрнөх замыг нээлээ.
Гэрээг парламентын 202 гишүүн дэмжсэн бол 432 нь эсэргүүцсэн санал өгчээ. Brexit-ийн гэрээний талаар явуулах санал хураалтыг нэг удаа хойшлуулж байсан бөгөөд уг гэрээ хангалттай тооны санал авч чадахгүй гэдэг нь бүр өнгөрөгч 12 дугаар сард тодорхой байсан юм.
Харин одоо Их Британид 2019 оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос тайван гарах боломж бараг үлдсэнгүй. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх гол хувилбарууд бол гэрээгүйгээр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах /энэ нь тус улсын эдийн засгийг уналтад оруулж болзошгүй/ эсвэл Brexit-ийн хугацааг бүр хойшлуулах, хугацаанаас өмнө бүх нийтийн сонгууль явуулах эсвэл бүх нийтийн санал асуулга дахин зохион байгуулах юм. Санал асуулга нь Brexit-ийг бүр цуцалж магадгүй.
Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудал
Санал хураалтын дараа Их Британийн сөрөг хүчний Лейборист намын дарга Жерем Корбин тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах саналыг парламентад өргөн барьжээ.
“Энэ асуудлыг маргааш хэлэлцэнэ. Парламентын гишүүд Засгийн газрын чадваргүй байдалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлнэ” гэж Корбин мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, Засгийн газрын хувьд санал хураалтын дүн 1920-иод оноос хойших хамгийн том ялагдал болжээ.
Хэрэв парламент өөрт нь итгэл үзүүлбэл Brexit-ийн асуудлаар цаашид авах арга хэмжээнийхээ төлөвлөгөөг ирэх долоо хоногийн даваа гарагт танилцуулна гэж Тереза Мэй мэдэгдсэн байна.