Telegraph: Консервативчууд Brexit-ийн гэрээг эсэргүүцэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-15 11:28:01

ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрх баригч Консерватив намын 112-оос доошгүй гишүүд буюу тус улсын парламентын Дээд танхим дахь нийт гишүүдийн гуравны нэг гаруй хувь нь Brexit-ийн нөхцөлийн тухай Тереза Мэйн Засгийн газрын гэрээг батлах эсэх санал хураалтад эсэргүүцсэн санал өгөх төлөвтэй байна. Энэ тухай The Daily Telegraph сонинд мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, Засгийн газрын гэрээг дэмжихгүй хүмүүсийн дотор Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, евроскептизм үзлийг баримтлагчдын удирдагчдын нэг болох Жейкоб Рис-Могг, консервативчуудын тэргүүн асан Иан Данкан Смит, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Умард Ирландын хэрэг эрхэлсэн сайдын албыг хашиж байсан Оуэн Патерсон, түүний сүүлийн албан тушаалыг залгамжлагч Тереза Вильерс, Соёл урлаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, спортын сайд асан Жон Уиттингдейл, Англи болон Уэльсийн Ерөнхий прокурор асан Доминик Грив зэрэг Консерватив намын нэр хүндтэй гишүүд байгаа аж..


Гэрээг эсэргүүцэгчдийн дотор Жонсоноос гадна, Тереза Мэйн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан бусад гишүүд ч мөн байгаа нь Brexit-ийн асуудлыг хариуцсан сайдын албыг хашиж байсан Дэвид Дэвис, Доминик Рааб нар, Батлан хамгаалахын сайд асан Майкл Фэллон, Олон улсын хөгжлийн хэрэг эрхэлсэн сайд асан Прити Пател, Зам тээврийн болон Боловсролын сайдын албыг хашиж байсан Жастин Грининг нар юм.


Их Британийн парламентын Дээд танхим дахь Консерватив намын бүлэг 317 гишүүнтэй бөгөөд өөрөөр хэлбэл Мэйн Засгийн газрын гол гэрээг эсэргүүцэгчдийн тоо парламент дахь нийт гишүүдийн 35 хувийг эзэлж байгаа аж.


Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Их Британитай байгуулсан Brexit-ийн тухай гэрээ болон Лондонтой цаашид тогтоох харилцааны талаарх улс төрийн санамж бичгийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд баталсан юм. Энэ гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэхийн тулд Их Британийн хууль тогтоогчид, мөн ЕХ-ны гишүүн бусад бүх орон баталсан байх ёстой. Их Британийн парламентын Дээд танхим мягмар гарагт зарчмын санал хураалт явуулна. Энэ үеэр Доод танхимын гишүүд Brexit-ийн гэрээг батлах эсвэл эсэргүүцнэ. Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар, уг гэрээг батлахгүй байх магадлал өндөр байна.

Связанные новости