АНУ-ын Элчин сайдын илгээсэн захидалд хариу өгөхгүй байхыг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-14 12:30:25

БЕРЛИН. /Handelsblatt/. АНУ-аас Герман улсад суугаа Элчин сайд Ричард Гренеллээс хүлээн авсан захидалд хариу өгөхгүй байхыг Германы Дотоод хэргийн яам “BASF болон “Uniper” компаниудад зөвлөжээ. “Умардын урсгал 2” хий дамжуулах хоолой барих төсөлд дэмжлэг үзүүлсэнтэй нь холбоотойгоор Вашингтон хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан захидлыг АНУ-ын Элчин сайд Ричард Гренелл Германы компаниудад өмнө нь илгээсэн юм.


Handelsblatt” сонины мэдээлснээр, Германы компаниуд Гренеллийн захидалд ямар хариу өгвөл зохилтойг мэдэх зорилгоор Гадаад хэргийн яаманд хандсаны хариуд захидалд хариу өгөхгүй байхыг зөвлөжээ. Германы компаниуд тус захидлыг “илт сүрдүүлэг” гэж үзэж байгаа аж.  


Түүнчлэн Германы Гадаад хэргийн яам АНУ-ын Элчин сайдын захидлыг өдөөн хатгалга гэж үзэж байгаа аж. “Умардын урсгал 2” төсөлд оролцогч талуудын эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй байгаагаа АНУ хэд хэдэн удаа мэдэгдсэн юм. Улмаар Герман болон АНУ-ын эрх баригчдын хооронд үүссэн санал зөрөлдөөн өргөн хүрээг хамарч эхэлжээ.


“Балтийн тэнгисээр дамжуулан Европт байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” хоолойг ашиглалтад оруулсны улмаас илүүдэл үүсвэл уг асуудалд ОХУ-ын зүгээс хөндлөнгөөс оролцох эрсдэл нэмэгдэж, Киев улс төрийн аюулгүй байдлын салбар дахь ач холбогдлоо алдана. Эдгээр төслийг дэмжиж буй компаниуд Украин болон Европын аюулгүй байдлыг алдагдуулж байна” хэмээн АНУ-ын Элчин сайд Германы компаниудад илгээсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн тухай “Bild am Sonntag” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлсэн юм.  

Связанные новости