АНУ Окинавад зэрэг галладаг тийрэлтэт систем байрлуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-04 14:19:29

ТОКИО. /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчин Японы Окинава аралд зэрэг галладаг "HIMARS" тийрэлтэт системээ байрлуулан, энэ жилийн туршид уг системийг анх удаа ашиглан сургуулилт хийхээр төлөвлөж байгаа тухай "Sankei Shimbun" сонин мэдээлжээ.


Тус сонинд бичсэнээр, уг төхөөрөмжид 300 хүртэл км-ийн радиуст байндаа тусдаг тактикийн баллистик пуужингуудыг ашиглахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн "HIMARS" нь хөдөлгөөнт гэдгээрээ ялгаатай бөгөөд цэргийн тээврийн нисэх онгоцоор ч зөөвөрлөх боломжтой юм.


Тийрэлтэт систем байрлуулж, сургууль хийх гэж буйн гол зорилго нь сүүлийн жилүүдэд далай тэнгис дэх үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсэн Хятад улсыг сөрөн зогсох юм гэж "Sankei Shimbun" сонины мэдээлэлд цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна, Японы алслагдмал арлуудын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус улсын Өөрийгөө хамгаалах хүчинд туслах зорилготой аж.


Алслагдмал арлуудаа хамгаалахад Японы эрх баригчид онцгой анхаарал хандуулдаг. Ийм газар нутгуудыг хамгаалахын тулд тус улс саяхан 2000 хүний бүрэлдэхүүнтэй тусгай анги нэгтгэл байгуулсан билээ. 


 


Связанные новости