Афганистан дахь цэргийн оролцоогоо АНУ хоёр дахин багасгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Афганистан дахь цэргийн оролцоогоо хоёр дахин багасгахаар төлөвлөж байгаа боловч “Талибан” хөдөлгөөний хэт давруу үзэлт босогчдын эсрэг ажиллагаа явуулах зорилгоор цохилтын бүлгийн цэргүүдээ үлдээнэ. Энэ тухай "Military.com" цахим хуудас Пентагон дахь эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
Эх сурвалж илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан боловч АНУ болон НАТО-гийн Афганистан дахь цэргийн командлагч, дэслэгч-генерал Скотт Миллер тус улсад байрлаж буй 14 мянга орчим цэргийн 7000-ыг нь нутаг буцаахаар төлөвлөж буйг мэдээлжээ. Цэргүүдийг ирэх 8-12 сарын хугацаанд татахаар төлөвлөж байгаа аж. Үүний сацуу, цохилтын бүлэг дайсны байрлалуудад өгөх цохилтоо үргэлжлүүлнэ гэдгийг эх сурвалж онцлон тэмдэглэсэн байна.
Афганистанаас 7000 орчим цэргийг буцаан татах төлөвлөгөө боловсруулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп Пентагонд үүрэг болгосон тухай "The Wall Street Journal" сонин 12 дугаар сарын сүүлээр мэдээлсэн билээ. Гэвч Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Гаррет Марки энэ мэдээллийг няцаасан юм.
Албан ёсны мэдээллээр, одоогийн байдлаар Америкийн 14 мянга орчим цэрэг Афганистанд байрлаж байна. Тэд талибуудын эсрэг явуулж буй ажиллагаанд оролцохоос гадна, Афганистаны Зэвсэгт хүчнийг бэлтгэж байгаа юм. Тус улсад Америкийн цэргүүдээс гадна НАТО-гийн гишүүн 30 орны 16 мянган цэрэг байрлаж байгаа боловч зөвхөн цэргийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.