АНУ-ын сенатчид Ардчилсан намаас санал болгосон төсвийг хэлэлцэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-03 10:31:59

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд пүрэв гарагт хэлэлцэн батлах гэж буй төсвийн тухай хуулийн төслийг Сенатын танхим хэлэлцэхгүй гэж тус танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митчел Макконел мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын хоёр танхим дахь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын бүлгийн удирдагчидтай Мексиктэй залгаа хилийн аюулгүй байдлын асуудлаар лхагва гарагт хэлэлцээ хийсэн байна. Хэрэв шаардлагатай бол “түр зогсолт” /шатдаун/ удаан үргэлжилнэ гэж тэрбээр мэдэгджээ. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих зайлшгүй шаардлагатай гэж Трамп дахин мэдэгдээд Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссонд Ардчилсан намынхныг буруутгасан байна.


Төсвийн асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаагийн улмаас АНУ-ын төсвийн зарим байгууллагын санхүүжилт 12 дугаар сарын 22-ноос эхлэн зогссон юм. Төсөв батлаагүй үед үйл ажиллагаа явуулахыг Засгийн газарт хуулиар хориглодог байна. АНУ-ын Төрийн Департамент, Дотоод аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам, Тээврийн яам, Хөдөө аж ахуйн яам, мөн хэд хэдэн байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоож, төрийн хэдэн зуун албан хаагч амралтаа авахаас аргагүйд хүрчээ.


Дональд Трамп хилийн аюулгүй байдлыг хангахад 5 тэрбум ам.долларын санхүүжилт нэмж олгохыг Конгрессоос шаардаж байгаа юм.


Энэ удаагийн “шатдаун” АНУ-ын Засгийн газрын хувьд гурав дахь нь боловч төсвийн хямрал өмнөх жилүүдийнхээс илүү удаан үргэлжилж байна.

Связанные новости