Тайванийн тусгаар тогтнол түүхийн үйл явцтай зөрчилдөж байна гэж Си Жиньпин мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /TASS/. “Тайванийг тусгаар тогтнуулах” санаа нь түүхийн үйл явцтай зөрчилдөж байгаа бөгөөд эцсийн дүндээ гацаанд орно гэж Хятадын дарга Си Жиньпин лхагва гарагт “Нутаг нэгт тайваньчуудад зориулсан уриалга”-ын 40 жилийн ойд зориулсан хурлын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжилжээ.
Түүний мэдэгдсэнээр, “хятадууд хятадуудтай тулалдахгүй”, харин “Хятад тайван замаар нэгдэн нийлэх нь эх газрын төдийгүй Тайванийн ард түмний ашиг сонирхолд нийцнэ”. “Бид Хятадыг тайван замаар эргэн нэгтгэхийн тулд өргөн уудам орон зайг бий болгоход бэлэн байгаа бөгөөд салан тусгаарлах аливаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Хятадын дарга цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн “Хятад эргэн нэгдэх нь аль ч орны хууль ёсны эрх ашигт, тэр дундаа Тайванийн эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулахгүй” гэдгийг онцлон дурджээ. Си Жиньпиний хэлснээр, энэ нь эсрэгээрээ “Ази-Номхон далайн бүс нутагт болон дэлхий даяар хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг бий болгоход түлхэц өгнө”.
Тайван замаар нэгдэх
Тайванийн асуудалд “тайван замаар нэгдэх” зарчим баримтлахыг Си Жиньпин уриалсан байна. “Тайван замаар нэгдэх зарчим болон “нэг Хятад” бодлого нь үндэстнээ эргэн нэгтгэх хамгийн шилдэг арга юм” гэж тэрбээр хэлжээ.
“Бид бүгдээрээ нэг гэр бүлээс гаралтай. Энэ бол дотоодын асуудал бөгөөд гагцхүү хоорондоо харилцан ярилцаж, зөвлөлдөх замаар шийдэх ёстой” гэж Хятадын дарга цохон тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, “Тайванийн асуудлыг тайван замаар шийдэх нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, мөн нутаг нэгтнүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн бүх нийтийн хөгжлийг дэмжих зөв зам юм”. “Тайван замаар хамтран ажиллах асуудлыг урагш ахиулж, хоёр тал хоёул дэмжих ёстой” гэж Си Жиньпин онцлон дурджээ.
Коммунистуудтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчний үлдэгдэл цэргүүд 1949 онд Тайвань руу зугтан гарч эх газрын Хятадаас тусдаа БНХУ-ыг байгуулсан байна. Үүнээс хойш Хятадын хамгийн том арал өөрийн гэсэн засаг захиргаагаар удирдуулж, далбаа, үндэстний мөнгөн тэмдэгт болон БНХУ-ын зарим шинж байдлыг хадгалан үлджээ. Тайванийг Хятадын нэг муж гэж Бээжин үздэг.