Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь насыг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-12-25 15:56:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 17-ны өдрийн  байдлаар  нийт 4367 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 206 хүн амь насаа алдаж, 67 хүн гэмтэж бэртэн, 1417 мянган толгой мал хорогдож, 81.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

 Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 4,12 хувира өссөн бол учирсан хохирлын хэмжээ 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1125 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 5-аар тус тус нэмэгдсэн байна.

Мөн 2018 онд эрэн хайх, аврах ажиллагааны 398, тээврийн хэрэгслийн ослын 70, нийт 468 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 2943 аврагч, 584 автомашин ажиллаж, 2977 хүнд анхны тусламж үзүүлэн, 435 хүний амь насыг аварчээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89.3 хувь буюу 3903 нь гал түймэр, 4.57 хувь буюу 200 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 3.04 хувь буюу 133 нь хүний үйл, ажиллагаатай холбоотой осол, 2.26 хувь буюу 99 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 0.73 хувь буюу 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

 Аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан нийт хохирлын 68 хувь буюу 55.8 тэрбум төгрөг нь гал түймрийн улмаас, 29 хувь буюу 24 тэрбум төгрөг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн улмаас, 3 хувь буюу 2.1 тэрбум төгрөг нь биологийн гаралтай аюулт, үзэгдэл ослын улмаас учирсан байна.

Связанные новости