Канадын элчин сайд саатуулагдсан иргэдийнхээ нэгтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-15 13:27:02

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-д суугаа Канадын элчин сайд Жон Маккаллум тус улсад баривчлан саатуулагдсан иргэдийнхээ нэгтэй баасан гарагт уулзсан гэж Канадын Засгийн газраас мэдэгдэв.


Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Ж.Маккаллум даваа гарагт баривчлагдсан дипломатч асан Майкл Ковригийн байгаа газарт очиж уулзсан аж. Гэсэн хэдий ч уулзалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. Түүнчлэн цаашид бизнес эрхлэгч Майкл Спавортой уулзах боломжийг эрэлхийлнэ гэж мэдэгджээ.


БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компаниудын нэг “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадад баривчилсны дараа М.Ковриг болон М.Спавор нарыг энэ долоо хоногийн эхээр БНХАУ-д баривчлан саатуулсан юм.


Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос Канадын хууль сахиулахын ажилтнууд баривчилсан бол Хятадын эрх баригчид үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэргээр Канадын хоёр иргэнийг баривчилсан хэмээн мэдэгдсэн билээ.

Связанные новости