Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-13 13:53:01
МЕХИКО. /TASS/. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан тухайгаа Twitter дэх хуудсандаа мэдээлсэн байна.

“Бид цагаачлалын асуудлыг, мөн Төв Америк болон манай улсад ажлын байр бий болгох болон хөгжлийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ” гэж Мексикийн Ерөнхийлөгч мэдээлжээ.

Төв Америкийн орнуудаас ирж буй цагаачдын урсгалыг бууруулахын тулд эдгээр орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна гэж Лобес Обрадор өмнө нь мэдэгдэж байв. Мексикийн өмнөд бүс нутгийг хөгжүүлэхэд, мөн Гондурас, Гватемал, Сальвадор улсын эрх баригчидтай бүс нутгийн нэгдсэн хөгжлийн салбарт хамтран ажиллах зорилгоор шинэ Засгийн газар 30 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн сайд Марсел Эбрард өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн байна.

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын мэдээлснээр, жил бүр Төв Америкийн орнуудын 400 мянга орчим оршин суугч Мексикийн нутгаар дамжин АНУ-д нэвтрэхийг оролддог байна. Энэ замд цагаачид маш олон аюултай тулгардаг бөгөөд ихэвчлэн гэмт бүлэглэлийн эсвэл хүний наймаачдын золиос болдог аж.
Связанные новости