Хот, хөдөөд хоёр том дээрмийн хэрэг гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОн гарснаас хойш өндөр настны эд зүйлийг булаасан, банк, шатахуун түгээх станц дээрэмдсэн, буу шийдэм, хутга шөвөг хэрэглэсэн гэхчилэн онц ноцтой хэрэг шил даран гарсаар байна.
Дээрмийн хэрэг үйлдэгчдийн цөөнгүй хувь нь 18-25 насны залуучууд байгаа нь анхаарал татна.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөх өдөр хот хөдөөд хоёр том дээрмийн хэрэг гарчээ. "Сод Монгол" шатахуун түгээх станцын түгээгчийг зодож, 300 мянга гаруй төгрөгийн орлогыг гар утастай нь дээрэмдсэн хэрэг Төв аймгийн Аргалант суманд гарчээ. Гэмт этгээдүүд жижиг цагаан машин унаж явсан байна. Дээрмийн тухай мэдээллийг улсын хэмжээнд зарлаж, гэмт этгээдүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс баривчлан саатуулсан байна. Дээрмийн хэрэгт 21 настай, эрэгтэй Д, 18 настай эрэгтэй Б, О, Г, Ч нарыг шалгаж байна. Мөн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хажуугийн "Төрийн банк"-ийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмджээ. Тус банкнаас хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг баривчлахад Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн, галт зэвсэг ашиглан дээрэм хийжээ. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Ж.Батсайхан