Чех улс руу ажиллах хүч зуучлах нэг ч Монгол компани байхгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Наранбат Чех улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй Монгол иргэд олон бий. Үүнийг далимдуулан бүлэг хүмүүс иргэдийг хохироож, залилах явдал сүүлийн үед цөөнгүй гарч байгааг анхааруулав. Тус улсын хөдөлмөрийн хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд гадаад улсаас ажилчин авах үйл явц нь хөдөлмөрийн бирж дээр ил тод, нээлттэй, төлбөр хураамжгүй явагддаг учраас дундын зуучлагчийн оролцоогүйгээр ажил олгогч, ажил хайгч хөдөлмөрийн гэрээ байгуулах бүрэн боломжтой. Чех улсад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөлтэй нэг ч Монгол компани байхгүй. Чех улсад энэ оны 10 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Монгол Улсын 8813 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна. Энэ нь Европын холбооны улс орнуудаас хамгийн олон тооны Монгол иргэн оршин суугаа улс юм. Монголчуудын хувьд ихэвчлэн оёдлын үйлдвэр, машины эд анги угсрах үйлдвэр мөн компьютер угсрах үйлдвэрт ажилладаг гэлээ.