Ким Жөн Уны Сөүлд хийх айлчлал цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг түргэтгэнэ гэдэгт итгэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийх айлчлал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг түргэтгэнэ. Энэ тухай БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинд Ардернтай хийсэн хоёр талын хэлэлцээний дараах хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Сөүлд энэ онд айлчилна гэсэн магадлал бий. Гэхдээ айлчлал дурдсан хугацаанд болох эсэхээс үл хамааран тэрбээр БНСУ-д айлчлах нь БНАСАУ-ыг цаашид цөмийн зэвсгээс ангижруулахад тусална” гэж Мүн Жэ Ин хэлснийг телевизийн "KBC" суваг уламжилжээ.
1948 онд Солонгос үндэстэн хуваагдсан мөчөөс хойш БНАСАУ-ын удирдагчдаас хэн нь ч Сөүлд айлчилж байгаагүй учир Ким Жөн Уны БНСУ-д хийх айлчлал нь өөрөө түүхэн явдал болно гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 12 дугаар сарын 13-14-нд БНСУ-д айлчилж магадгүй тухай мэдээлэл тус улсын хэд хэдэн хэвлэлүүдэд өмнө нь гарч байсан бол Солонгос хоорондын дээд хэмжээний дөрөв дэх уулзалт ойрын хугацаанд БНСУ-ын нутаг дэвсгэрт болох төлөвтэй байна гэж тус улсын Үндэсний тагнуулын алба 11 дүгээр сарын 22-нд мэдээлж байв.