Этиопын зуу гаруй цагаач иргэн нутаг буцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-27 17:21:54

АДДИС АБЕБА. /Anadolu/. Йеменээс нутаг буцахыг хүссэн Этиопын 102 цагаач иргэнийг эх орон руу нь буцаасан тухай НҮБ-ын Цагаачлалын асуудал эрхэлсэн агентлагаас мэдээлэв.


Олон улсын цагаачлалын байгууллагын Йемен дэх салбарын дарга Саба аль-Муалламигийн мэдээлснээр, тэдгээр цагаачийг нутаг буцаахын тулд нисэх онгоц хөлсөлсөн байна. Ингэснээр Этиопын цагаачид сайн дураараа Сана хотын нисэх буудлаас нутаг буцсан анхны тохиолдол энэ болсон аж.


Мөн тэрбээр нутаг буцах хүсэлтэй Этиоп иргэдийн тоо улам нэмэгдсээр байгааг нэмж хэлжээ.


2014 оноос хойш иргэний дайн дэгдсэн Йеменд ядуурал дээд цэгтээ хүрсэн бөгөөд 2015 онд Саудын Араб тэргүүтэй эвсэл хусит босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлснээс хойш сөргөлдөгч талуудын мөргөлдөөн улам ширүүссэн юм. 

Связанные новости