Америкчууд “хар баасан гарагт” цахимаар олон тэрбум ам.долларын худалдан авалт хийв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/. “Хар баасан гараг” буюу онцгой хямдралын өдөр АНУ-ын иргэд онлайн худалдан авалтад 6 тэрбум 2 сая ам.доллар зарцуулсан нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 23.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тухай телевизийн CNBC суваг “Adobe Analytics” төвийн статистик мэдээллээс иш татан уламжилжээ.
Дээрх худалдан авалтын 80 хувийг “Amazon”, “Walmart”
зэрэг АНУ-ын хамгийн том онлайн дэлгүүрүүдээс хийсэн байна. “Adobe Analytics”-ийн
статистик мэдээллээс үзэхэд, цахим худалдааны нийт орлогын 33.5 хувь нь буюу 2
тэрбум орчим ам.долларыг гар утасны төхөөрөмжүүд авахад
зарцуулсан нь өнгөрсөн оныхоос 4.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
АНУ-д 11 дүгээр сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэсний дараа баасан гарагт уламжлал ёсоор Зул сарын баярын өмнөх үнэ хямдруулсан худалдаа эхэлдэг. “Хар баасан гараг” гэдэг нэр томьёог 1869 онд хөрөнгийн зах зээлийн үймээнийг тайлбарлахад анх ашиглаж байсан бол 1950-аад оны үед энэ өдөр худалдааны төвүүдийн ойролцоох авто замын түгжрэлийг мэдээлэхдээ орчин үеийн утгаар нь ашиглаж эхэлжээ.