Шилдэг хэсгийн төлөөлөгч О.Мөнхтулгын албан хэрэгцээнд автомашин гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-23 16:13:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХ-ийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018" тэмцээн энэ сарын 20-23-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Архангай аймгийн Цагдаагийн газрын Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, ахмад О.Мөнхтулга тэргүүлж, “УАЗ-469” автомашин гардав.

Тэмцээний хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин төгсгөлийн шатанд өрсөлдсөн юм.


Шагнал гардуулах ёслол өнөөдөр НЦГ-т болж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал, дэд дарга, хурандаа З.Дашдаваа, НЦГ-ын дарга, хурандаа Д.Ядамдорж нарын албаны хүмүүс шилдэг хэсгийн төлөөлөгчдөд шагналыг нь гардуулав.



Тэмцээний дэд байрт Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ноён сумын хэсгийн төлөөлөгч, ахмад Г.Дөлгөөн шалгарав. Тэрбээр өмнө жил зохион байгуулагдсан “Шилдэг хэсгийн төлөөлөгч” анхдугаар тэмцээнд дэд байр эзэлсэн амжилтаа ийнхүү бататган, мотоциклийн түлхүүр гардав.



Гутгаар байрт Увс аймгийн Цагдаагийн газрын Түргэн сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч З.Батзориг шалгарч иж бүрэн компьютертэй болов.

Алба хаагчид галт зэвсэг хэрэглэх ур чадвар, хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, логик сэтгэлээ, IQ чадвар зэрэг мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлджээ.

Связанные новости
Комментарии