НЗД, Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуулийн байгууллагад хандав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нэр төрөө сэргээлгэх, зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа эздийг олж, үнэн мөнийг тогтоолгохоор хуулийн байгууллагад гомдол гаргажээ.
Тэрбээр гомдолдоо " Эдгээр хүмүүс зөвхөн С.Батболд миний төдийгүй, нэг сая 400 мянган оршин суугчтай нийслэл хотын удирдлага, нийслэлд ажиллаж байгаа мянга мянган төрийн албан хаагчдын хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгэмд буруу ташаа ойлголт төрүүлэх хор уршгийг дагуулж байна. Иймд миний бие энэхүү гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаатай холбогдуулан, илт зохион байгуулалттай нийгмийг төөрөгдүүлэх, хувь хүний нэр төрд халдсан, гэр бүлийн минь нандин холбоо руу илтэд бүдүүлэг давшилж байгаа гүтгэлгийг цахим орчинд зохион байгуулалтай хийж буй этгээдүүдийг олж тогтоолгон, нэр төрөө сэргээлгэхээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хууль, хяналтын байгууллагад хандсан. Миний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллага хуулийн хүрээнд шалгаж, үнэн мөнийг тогтоож, нийт ард иргэдэд бодит үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэж байна. Гүтгэлэгт хэмжээ, тэвчээрт хязгаар бий" гэжээ.