Эмээлт захын нядалгааны 9 газрыг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-05 13:29:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
 "Эмээлт" захад малыг ёс бусаар нядалж байгаа талаарх сурвалжлагыг бид өмнө нь хүргэсэн. Энэхүү сурвалжлагын мөрөөр НМХГ тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-д шалгалт хийжээ. Шалгалтын талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас тодрууллаа.

Тэрбээр, "Мэргэжлийн хяналтынхан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо "Эмээлт" захад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шинжилгээ, шалгалт хийж байна. Гар аргаар нядалгаа хийж буй 9 аж ахуйн нэгж байна. Өмнө нь 7 дугаар сард шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ авч, албан шаардлага хүргүүлсэн. Гэвч албан шаардлагыг биелүүлээгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоов. 

Мах болон дулааны аргаар боловсруулсан мах (чанаж, болгосон) экспортлох эрхтэй аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтаар дотоод хяналт шалгалт нь дутмаг, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй байсан. Мөн Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуух бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл сул. Түүнчлэн тухайн үйлдвэрт ажиллаж буй ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамарсан эсэх нь тодорхойгүй. Мэргэжлийн ажилтан дутмаг зэрэг зөрчил илэрсэн" гэв. 


Связанные новости