Баавгай, бамбарууш төв суурин, малчны хотонд орж ирэх болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж буй айлуудын гэр хотыг баавгай түйвээсэн явдал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Энэ сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрч, хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт байсан аарц, тос, өөх, махыг нь идсэн явдал ч гарч байвсан аж. Одоогоор хүн, малд халдсан мэдээ ирээгүй байна. "Амьтан хамгаалах сан"-гийнхан баавгайг хоёр хоногийн турш хайж, мод торлогтой газруудад дрон тавьж үзсэн боловч ололгүй хөвч рүүгээ буцсан гэж үзжээ. Дархан-Уул аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын албаныхан багтсан ажлын хэсэг баавгайн халдлагад өртсөн, өртөж болзошгүй 10-аад айлд зөвлөмж өгчээ. Мөн өнгөрсөн бямба гаригийн 21 цагт Нийслэлийн байгаль орчны газрынхан Налайх дүүргээс нэг бамбарууш барьж "Амьтан асрах байр"-нд хүргэсэн байна. Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин айлын хотонд нэг бамбарууш орж ирсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Амьтан судлаачид баавгай, бамбарууш ингэж төв суурин болон малчдын хотонд орж ирж буй нь хулгайн анчидтай холбоотой гэж үзэж байна.