“Beidou” навигацын системийн 41 дэх хиймэл дагуулыг хөөргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2018-11-02 17:33:52
БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятад улс дэлхийн хэмжээний “Beidou” навигацын системийнхээ 41 дэх хиймэл дагуулыг "Чанжэн-3B" зөөгч пуужингаар амжилттай хөөргөсөн тухай тус улсын Сансрын шинжлэх ухаан, технологийн корпораци /CASC/ мэдээлжээ.

“Beidou-3” хиймэл дагуулыг пүрэв гарагийн орой орон нутгийн цагаар 23 цаг 56 минутад Хятадын баруун өмнөд нутагт оршдог Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөсөн байна. Хиймэл дагуул орох ёстой тойрог замдаа орсон бөгөөд хэд хэдэн туршилт хийсний дараа “Beidou” системийн бусад хиймэл дагуулуудтай хамт ажиллаж эхэлнэ.

Хятад улс сансарт хөөргөсөн “Beidou-3” хиймэл дагуулуудынхаа тоог 2018 онд багтаан 18 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол 2020 оны эцэс гэхэд 30 болгох ажээ.

Хятадын сансар судлалын “Цагаан ном”-д урьд нь мэдээлснээр, тус улс 2018 оноос Торгоны замын дагуух улс орнуудад навигацын үндсэн үйлчилгээг үзүүлж эхлэх юм.
Связанные новости