Зэвсэглэсэн этгээд эрх баригч намын өндөр албан тушаалтныг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-02 11:27:32

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Пүрэв гарагийн орой Энэтхэгийн эрх баригч "Бхаратия Жаната" намын орон нутгийн салбарын дарга Анил Парихар болон түүний ах нар үл таних зэвсэглэсэн этгээдийн гарт амь үрэгдсэн тухай Кашмир мужийн цагдаагийн газраас мэдээлэв.


Уг халдлага нь тус мужийн нийслэл Сринагар хотоос өмнөд зүгт 200 гаруй километр зайд оршдог Киштвар суурин дахь А.Парихарын хувийн эзэмшлийн байранд гарсан гэж цагдаагийн газрын төлөөлөгч “Xinhua” агентлагт мэдээлжээ.


Хохирогчдыг ойрын эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч эмч нар тэднийг амь үрэгдсэн хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна. Уг халдлагыг босогчид үйлдсэн эсвэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.


“Халдлагын ард хэн байгааг хэлэхэд арай эрт байна” гэж цагдаагийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд хэлжээ. 

Связанные новости