Хамтарсан дадлага сургууль хийж эхэлснээс хойш хил дамнасан түймэр орж ирээгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-10-30 16:13:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөр-байгалийн хязгаарын Удирдах газартай гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан ажиллаж байна. 


Энэхүү төлөвлөгөөний дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас ОХУ-ын Онцгой байдлын албатай хамтран “Хилийн бүсийн болон хил дамнан гарсан ой, хээрийн түймрийн үед улсын хилийг хялбаршуулсан журмаар нэвтрэх” сэдэвт дадлага сургуулийг Чулуунхороот суманд зохион байгууллаа. Дадлага сургуулиар хоёр орны ой, хээрийн гал түймэрт ашиглагдаж байгаа багаж хэрэгсэл, машин техниктэй танилцахын зэрэгцээ Орос, Монголын аврагчид гал унтраах хамтарсан сургуулийг хийсэн юм. Энэ удаагийн сургуульд Дорнод аймгийн Онцгой байдлын газар, ОХУ-ын Онцгой байдлын алба, хилийн алба, Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас нийт 30 орчим алба хаагч оролцсон байна. Хамтарсан дадлага сургуулийг уламжлал болгон зохион байгуулснаас хойш Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хил дамнасан түймэр орж ирээгүй байна гэж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

У

Связанные новости