У.Хүрэлсүх: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-30 13:49:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор ХЗДХ, ЦЕГ хамтран “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, Монгол банк, АТГ, УЕПГ болон АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг байгууллагын 400 гаруй төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцов.

Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагад 2004 онд гишүүнээр элссэн байна. Улмаар 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн жил шинэчлэн найруулсан юм. Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг хийж, “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгчээ. Тиймээс УИХ, Засгийн газар, ҮАБЗ-өөс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарч, шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг олон улсын гэрээ конвенцын шаардлагад нийцүүлэх зохицуулалт тусгаснаас гадна “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” боловсруулан ажиллаж байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж эрдэм шинжилгээний хурлын эхэнд цохон тэмдэглэсэн юм.

Уг эрдэм шинжилгээний хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн. Тэрбээр, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа нь улс орнуудын эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай, эмзэг эдийн засаг бүхий манай улсын хувьд уг асуудалд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болно. Мөнгө угаах үйл ажиллагаатай нэг улс дангаар тэмцээд үр дүн багатай, харин улс орнууд нэгдэн нийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтарч ажиллах нь улс орон дамнан үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй болохыг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна” хэмээв.

Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгдэж байна гэсэн судалгааг цагдаагийн байгууллага гаргасан байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас 2011 онд 1, 2013 онд 6, 2014 онд 7, 2015 онд 4, 2016 онд 9, 2017 онд 8 гэмт хэргийг шалгасан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 26 хэрэг бүртгэсэн байна. Тухайлбал, “МИАТ” компанийн албан тушаалтнууд дайны эрсдлийн даатгал нэрээр 7.2 сая ам долларыг гадаад улсын банкуудад шилжүүлсэн, БНСУ-ын иргэн хууль бус казино ажиллулж олсон 4.5 сая ам.долларын орлогоороо Монголд зочид буудалд барьсан, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын албан тушаалтнууд Сэргээн засах, өдрийн үйлчилгээ үзүүлэх ТББ байгуулж, улмаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс 1.1 тэрбум төгрөг завшисан, ИНЕГ-ын албан тушаалтнууд 783.1 сая төгрөгийг Хонгконг руу шижлүүлсэн зэрэг хэргийг дурьдаж болох юм.

Энэ үеэр олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн засаглалын албаны дарга Андрей Мунтеан:Мөнгө угаах гэмт хэрэг бол зөвхөн нэг улсын асуудал биш. Манай байгууллагын зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг улс орнуудын Засгийн газрын бодлогын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарч ажилладаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр манай байгууллагатай нягт хамтран ажиллахыг Монгол Улсад зөвлөж байна.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато: Миний бие Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тиймээс ч улс орнууд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгардаг бэрхшээлүүдийг сайн мэднэ. Даяаршил эрчимтэй явагдаж байгаа өнөө үед зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь хил дамнан үргэлжилж байна. Тиймээс эдгээр гэмт хэргийн байгууллагын санхүүгийн эх үүсвэрийг таслан, үйл ажиллагааг зогсоохын тулд улс орнууд нэгдмэл байр суурьтай байх нь чухал юм.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүн: Монгол Улс сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд идэвхтэй ажиллаж, олон ахиц дэвшил гаргасан. Цаашдаа хууль эрхзүйн орчноо сайжруулах, ФАТФ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдынхаа чадавхыг сайжруулах, олон улсын байгууллагуудын зөвлөмжийг тусгасан гарын авлага болон бусад материалыг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй

АНУ-ын АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер: Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрхзүйн орчинтой болсон нь туйлын чухал юм. Түүнчлэн Монголбанк Санхүүгийн мэдээллийн албатай болсон нь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд томоохон түлхэц үзүүлнэ. Цаашдаа жил жилийн улсын төсөвтөө мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд тодорхой хөрөнгө тусгах, ББСБ-уудад тавих хяналтай сайжруулахыг зөвлөж байна. АНУ-ын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд Монгол Улстай нягт хамтран ажиллаж, найдвартай түнш байна гэдгээ илэрхийлмээр байна.

Связанные новости