Италид дэгдсэн шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-30 11:45:24

РОМ. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Италид дэгдэж эхэлсэн шуурганы улмаас зургаан хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болсны зэрэгцээ олон хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Атлантын шуурганы улмаас хүчтэй аадар бороо үргэлжлэн орсон нь голуудын усны түвшинг ихээхэн нэмэгдэхэд хүргэсэн байна. Үүний зэрэгцээ салхины хурд 149 км/цаг хүрч байгаагийн улмаас тэмдэг тэмдэглэгээнүүд болон модод үндсээрээ булгаран унаж байгаа ажээ. Мөн далайн эргийн орчимд амьдардаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.


110 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасарсан “Венето” бүс нутгийн захирагч Лука Зайа онцгой байдал зарласан бөгөөд даваа болон мягмар гарагт тус бүс нутгийн сургуулиудыг түр хаах шийдвэр гаргажээ. Мөн нийслэл Ром хотын сургуулиуд ч мөн түр хугацаагаар хичээллэхээ зогсоогоод байгаа юм.


“Италийн нийт нутаг дэвсгэрийн 16.6 хувь буюу 50 мянган хавтгай дөрвөлжин километр талбай хөрсний гулгалт болон үерийн гамшиг нүүрлэх эрсдэлтэй байна” гэж тус улсын Байгаль орчин хамгааллын үндэсний төвөөс мэдээлжээ. 

Связанные новости