"Kinder police" буюу Цэцэрлэгийн эргүүлийг 11 дүгээр сараас ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоотой хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх, энэ төрлийн зам тээврийн ослыг тэглэх зорилгоор 11 дүгээр сараас эхлэн “Kinder police”буюу цэцэрлэгийн эргүүл ажиллаж эхэлнэ. Уг аяныг Тээврийн цагдаагийн алба, "Хүүхэд зорчиж байна" ТББ-аас санаачлан Нийслэлийн боловсролын газар, Үндэсний үйлдвэрлэгч "Монос Косметик" ХХК, Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци хамтран зохион байгуулна.Нийслэлийн төрийн өмчит 227 цэцэрлэгийн 10,000 гаруй эцэг эх, асран хамгаалагч буюу“Kinder police”-д оролцох болов.
Цэцэрлэгийн эргүүлээр ажиллах эцэг эхчүүд зөвхөн дохиур мод бариад зам дээр зогсох бус хүүхдээ хүргэж ирж буй эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрхэн зөв сонгож, хэрэглэх, мөн цэцэрлэгт ирж буй эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийг цэцэрлэгийн ойр орчмын замд аюул, осолгүй зорчиход дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн эргүүлээр ажиллах эцэг, эхчүүдийг урьдчилан видео сургалтад хамруулж, цацруулагчтай хантааз, дохиур мод, шүгэл, сургалтын гарын авлага зэргээр хангах юм. Аян хэрэгжиж эхлэхтэй холбоотой өнөөдөр тус албанаас Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацитай хамтран видео сургалтыг бэлтгэлээ. Сургалт нь Хүүхдийн авто машины суудлыг зөв байршуулах, Хүүхдийн авто машины суудалд хүүхдийг хэрхэн суулгаж сургах зөвлөгөө, Хүүхдийн авто машины суудал нь зам тээврийн осол гарах үед хүүхдийг хэрхэн хамгаалдаг талаар мэдлэг олгох, Blind spot буюу үл үзэгдэх цэг гэж юу вэ? зэрэг агуулгуудыг багтаажээ.