Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрийг эшлэл болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-18 15:50:30

УЛААНБААТАР. /РИА Новости/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Оросын Зэвсэгт хүчний Сири улсад олж авсан туршлага цаашид хэрэг болохгүй боловч бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй гэдгийг тайлбарлахдаа шүлгийн мөрөөс иш татжээ.


“Тэнд бидний олж авсан туршлагыг хөршүүд, найз нөхөдтэйгээ хуваалцахыг хүсч байна. Энэ туршлага хэзээ ч дахин хэрэг болохгүй гэдэгт итгэж найдахыг хүсч байгаа боловч “Итгэл найдвар идэр хөвгүүдийг л тэтгэдэг” гэж манай алдартай яруу найрагч хэлсэн байдаг. Бид энэ насыг хэдийнээ туулаад өнгөрүүлсэн учир ийм үйл явдалд бэлэн байх нь илүү дээр” гэж Шойгу У.Хүрэлсүхтэй ярилцахдаа хэлсэн байна.


Түүний хэлснээр, тэрбээр өмнө нь Сири дэх нөхцөл байдал болон ОХУ-ын Зэвсэгт хүчний хөгжлийн талаар Монголын цэргийн удирдлагуудад ярьжээ. Үүнээс гадна, хоёр орон "цэргийн салбарт хамтран ажиллах урт хугацааны томоохон хөтөлбөрт” гарын үсэг зурлаа гэж Шойгу хэлсэн байна. Мөн цаашид цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг таван жилээр гаргаж байхаар тохиролцжээ. 


Сергей Шойгуг Монгол Улсад албан ёсоор айлчлах үеэр тус улсын төрийн өндөр дээд одон болох Цэргийн гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнасан байна. Түүнд уг шагналыг Монголын Улсын Их Хурлын дарга М. Энхболд гардуулан өгчээ. 



Связанные новости