Д.Трамп Эндрю Брансоныг сулласанд талархаж байгаагаа илэрхийллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп номлогч Эндрю Брансоныг суллах шийдвэр гаргасан Туркийн эрх баригчдад талархаж байгаагаа илэрхийлээд, Эндрю Брансоныг бямба гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзахаа мэдэгджээ.
Эндрю Брансоныг 2016 онд Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон гэж Турк баривчилсан билээ.
"Эндрю Брансон гэртээ харих замдаа явж байгаа бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа. Түүнийг бямба гарагт Зууван танхимд хүлээн авч уулзана" гэж Д.Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мөн тэрбээр, Эндрю Брансоныг суллахын тулд АНУ Туркийн Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийсэн гэх мэдээллийг няцааж, бид ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй гэж мэдэгдсэн байна.
Америк номлогч суллагдсан явдал нь удахгүй болох АНУ-ын завсрын сонгуульд Д.Трампт багагүй дэмжлэг болж болох юм.
Д.Нямтулга