АНУ гадаадын хөрөнгө оруулалтын журмаа чангатгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын технологийг Хятадын компаниуд авч байгааг таслан зогсоох зорилгоор АНУ гадаадын хөрөнгө оруулалтын тухай журмаа чангатгалаа.
“АНУ-д хийж буй хөрөнгө оруулалтынхаа тайланг өгч байхыг гадаадын бүх компаниудаас шаардана. Энэ ажлыг Гадаадын хөрөнгө оруулалтын хороо хариуцан ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээнээс үл хамааран бүх компани уг шаардлагыг биелүүлэх ёстой. Үүний зэрэгцээ энэ нь ямар нэг тодорхой улсыг чиглэсэн арга хэмжээ биш юм” гэж АНУ-ын Сангийн яамны албаны хүн мэдэгджээ.
Гэсэн хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлж байгаагаар энэ арга хэмжээ нь Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг хумих зорилготой ажээ.
Сансар, хагас дамжуулагч, компьютер, батлан хамгаалах зэрэг үйлдвэрлэлийн 27 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэхүү шинэ журмыг дагаж мөрдөх болсон байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын хороо нь үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбоотой гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг хянадаг ажээ. Хэрвээ үндэсний аюулгүй байдалд хор учруулах магадлалтай төслүүд илэрвэл Ерөнхийлөгчийн зарлигаар уг төслүүдийг зогсоодог байна.
Д.Нямтулга