Яценюк: Украины Засгийн газар дарамтад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-29 10:28:55

КИЕВ. /TASS/. Засгийн эрхийг авах хүсэлтэй байгаа дотоодын хүчний дарамт, шахалтыг Засгийн газар зохицуулах хэрэгтэй гэж Украины Ерөнхий сайд Арсения Яценюк ням гарагт мэдэгдэв.

“Өнгөрсөн 20 жилд сонгогдсон Засгийн газруудаас манай Засгийн газар нэг жилд хавьгүй илүү зүйл хийсэн. Гэвч засгийн эрхийг авах хүсэлтэй нэр бүхий хүчнүүдийн хэзээ ч дуусашгүй халдлагад Засгийн газар өртсөөр байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Эдийн засгийн хямрал, ядуурал Украинд нүүрлээд байгааг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч тэрбээр, “биднээс өөр хэн ч үүнийг зохицуулж чадахгүй гэж мэдэгдээд, “зохион байгуулалттай арга хэмжээ” авахыг Украины Ерөнхийлөгч, парламент дахь улс төрийн хүчин, Петр Порошенко эвсэлдээ уриалжээ.

Яценюкийн Засгийн газрын үйл ажиллагаанд Украины парламент сэтгэл хангалуун бус байгаа хэдий ч тэрбээр суудлаасаа огцрохгүй гэдгээ дахин ойлгуулсан билээ. Засгийн газар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг  сайтар боловсруулсан бөгөөд хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Яценюк мэдэгдэв.

Арсения Яценюк болон түүний Засгийн газрыг огцруулах санал хураалтыг Украины парламент энэ сарын 26-нд явуулж, 194 гишүүн саналыг дэмжсэнээр Яценюк суудалдаа үлдсэн байна. 226 гишүүн дэмжсэн тохиолдолд тэрбээр огцрох байжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости