Женев хотноо тамхины хяналтын суурь конвенцийн 8 дугаар бага хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Женев хотноо 10 дугаар сарын 1-6-ны өдөр болж буй ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн оролцогч талуудын 8 дугаар бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бага хуралд 137 гишүүн орон, мөн НҮБ-ын харьяа байгууллага, олон улсын бусад байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл тамхины хэрэглээ, үйлдвэрлэл нь байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцав. Бага хурлын үеэр тамхины хэрэглээ, үйлдвэрлэгчдийг бууруулах талаар оролцогч талууд ярилцаж байна. Түүнчлэн, олон улсын хэмжээнд тамхины хяналтыг сайжруулах, конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох Дунд хугацааны стратегийн баримт бичгийн төслийг боловсруулж, санал солилцох юм.
Тамхины хяналтын суурь конвенци нь 2005 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд нийтийн эрүүл мэндийг хөхиүлэн дэмжих чухал механизмын нэг аж. Конвенцийн мөрөөр гишүүн орнууд өргөн хүрээтэй тамхины хяналтын хууль батлахын зэрэгцээ тамхины татварыг нэмэх, тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины сурталгааны эрх зүйн зохицуулалт бий болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Монгол Улс 2004 онд нэгдэн орсон “Тамхины хяналтын суурь конвенци”-ийн үндсэн зарчим, зорилтыг “Тамхины хяналтын тухай хууль”-д тусган УИХ-аар 2012 онд батлуулсан. Одоогийн байдлаар тус конвенцид 181 улс нэгдэн ороод байна.