Ойрхи Дорнодод учруулж буй аюул занал бол Д.Трампын засаг захиргаа юм гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ойрхи Дорнод болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж үзэж байгаагаа Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэжээ.
“Д.Трампын засаг захиргаа бусад улсаас давуу гэсэн мэдрэмжээр холбоотнуудтайгаа олон улс дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр хэвийн улс шиг байхыг АНУ-д уриалжээ.
Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талын хэлэлцээр болох Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөнөөс АНУ-ыг гаргаж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сард зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор хориг арга хэмжээнийхээ эхний хэсгийг өнгөрсөн 8 дугаар сарын 7-нд сэргээсэн юм.
Э.Аянзаяа