“Brexit”-ийн талаар дахин санал асуулга явуулахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./РИА Новости/. Британичууд Европын Холбооноос /ЕХ/ гарах талаар саналаа өгч, сонголтоо хийсэн, тиймээс бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахгүй гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй пүрэв гарагт Австрийн Зальцбург хотод болсон ЕХ-ны албан бус дээд хэмжээний уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Их Британийн Засгийн газрын тэргүүн “Brexit”-ийн талаар хоёр дахь удаагаа бүх нийтийн санал асуулга явуулахгүй гэсэн улсынхаа эрх баригчдын байр суурийг дахин мэдэгдсэн байна. “2019 оны гуравдугаар сард бид ЕХ-ноос гарна. Ард түмэн сонголтоо хийсэн, Ерөнхий сайдын хувиар миний болон Засгийн газар, парламентын үүрэг нь ард түмний итгэлийг алдахгүй байх явдал юм” гэж Мэй хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг Европын комиссын цахим хуудсаар шууд дамжуулжээ.
ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийг эцэслэн батлах, Ирландтай залгаа хилийн асуудлыг шийдэх, ирээдүйн хамтын ажиллагааны хэлбэрийг боловсруулах гэсэн гурван чухал асуудлыг Их Британи болон ЕХ-ны эрх баригчид аравдугаар сард багтаан хэлэлцэх ёстой юм. Эдгээр асуудлыг шийдсэнээр сонирхогч талуудын ажиглалтан дор ЕХ-ноос гарах боломжтой болно. 2019 оны гуравдугаар сарын 29-нд Их Британи ЕХ-г орхино. Тус холбооноос гаргах нөхцөлийн талаарх хэлэлцээ өнгөрсөн оны зунаас хойш үргэлжилж байгаа бөгөөд одоогоор тодорхой ахиц дэвшилд хүрээгүй байна.
Д.Жаргал