Хотын дарга Э.Бат-Үүл Ерөнхий прокурорт хандахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-01-28 15:57:47

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөртэй нь холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт гомдол гаргажээ. 

НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж тус бүлгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрөгч оны 10 дугаар сарын 14-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барьсан юм. Ингэхдээ эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.
Үүнийг Хотын дарга Э.Бат-Үүл өөрийг нь ор үндэсгүй гүтгэж, доромжилсон гэж үзэн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана гэж мэдэгдэж байсан юм. Харин өнөөдөр тэрбээр энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан зарлав. 

Тэрбээр мэдэгдэлдээ "НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид намайг онц их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан мэтээр гүтгэлэг явуулж, нийтэд мэдээлсэн асуудлыг шалгуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргалаа" гэжээ. 

Н.Туяа

Связанные новости