Ажлаас үндэслэлгүй халах нь олширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-11 16:30:51

Өнгөрсөн онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажлаас үндэслэлгүй халсан гэх гомдол их иржээ. Сүү, кетчуп, ноос ноолуур, блок, тоосгоны үйлдвэрийн ажилтнууд  үйлдвэрчний эвлэл байгуулж, эвлэлдэн нэгдсэнийх нь төлөө ажлаас нь халсан явал ч гарсан байна.

Ийнхүү хууль бусаар ажлаас халагдсан 219 хүн нийгмийн хамгааллын асуудлаар зөвлөгөө авахаар МҮЭХ-д ханджээ. МҮЭХ-д ирэх ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин хөлсөө авч чадахгүй байна гэх гомдол өмнөх онуудаас 10-30 хувиар нэмэгдсэн бөгөөд нийт гомдлын 30 орчим хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол байв. Өнгөрсөн оны байдлаар Ажлаас үндэслэлгүй халагдсан – 973 хүн, Цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн, илүү цаг, ээлжийн амралтын мөнгө, нэмэгдэл бодоогүй – 704 хүн, Хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж хамтын маргаан үүсгэсэн, ажил хаялт зохион байгуулсан 211 хүн тус тус гомдлоо ирүүлжээ. Ажлаас үндэслэлгүй халах зөрчил ихэнхдээ дэлгүүр, супермаркет, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагад гарсан байна. Харин цалин хөлстэй холбоотой зөрчил уул уурхай, барилгын салбарт их  гарч байгаа аж. Тиймээс МҮЭХ иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх үйлчилгээг нээжээ.

Ж.Батсайхан

 

Связанные новости