“Лалын улс”-ын санхүүжилттэй холбоотой 11 хүнийг саатуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-30 14:38:35

МОСКВА. /Sputnik/. “Лалын улс” террорист бүлэглэлд гишүүн элсүүлэх ажилд оролцдог 11 хувь хүнийг Тунисын эрх баригчид баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.

Хүчирхийллийн халуун цэгт илгээх зорилгоор залуу хүмүүсийг “Лалын улс”-д элсэхэд сурталчлах ажилд оролцсон хүмүүсийг баривчлан саатуулснаа тус яам “Facebook” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. “Лалын улс”-д элссэн хүмүүсийн ар гэрийг санхүүжүүлэхэд уг этгээдүүд оролцсон байна.

Ирак, Сири улсад томоохон газар нутаг эзлэн авсан, хэт давруу үзэлтэй, лалын суннитуудын “Лалын улс” бүлэглэл нь томоохон террорист халдлагуудыг үйлдэж, ялангуяа, нийгмийн сүлжээгээр дамжуулан, дэлхий даяарх залуу хүмүүсийн дунд хэт давруу үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж буй юм.

Арваннэгдүгээр сарын 24-нд Тунисын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны сууж явсан автобус амиа золиослогчийн халдлагад өртсөний улмаас, наад зах нь 13 хүн амь үрэгдэж, 20 хүн шархадсаны дараа зарласан онц байдлыг 12 дугаар сарын 22-нд тус улсын Ерөнхийлөгч Бежи Каид Эс-Себси хоёр сараар сунгасан юм. Халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн.

Х.Аминаа

 

Связанные новости