“Алтан бөмбөг”-ийн эзэд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-13 19:31:07

Өнгөрсөн бямба гарагт “Шангри Ла” зочид буудлын хүндэтгэлийн танхимд Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Алтан бөмбөг”-ийн ёслол болж 2015 оны шилдгийн шилдгүүдийг тодрууллаа.

“Алтан бөмбөг” шагналд оны шилдэг дасгалжуулагч, эрэгтэй тоглогч, эмэгтэй тоглогч, шүүгч, гоол, Бэлгэдлийн 11 тоглогчдыг тодруулсан юм. Шилдэг эрэгтэй тоглогчийн “Алтан бөмбөг”-ийн эзнээр  О.Баяржаргал  тодорлоо. /ФЦ.Улаанбаатар, хагас хамгаалагч/ Тэрбээр, Монгол Улсын Футзалын шигшээ багийн тоглогч, Үндэсний шигшээ багийн тоглогч, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн дэд аварга, 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, 2015 оны МХБХ-ны цомын тэмцээний дэд аваргаар тодорсон тамирчин юм.

Оны шилдэг эмэгтэй тоглогчоор Б.Намуун /“Хад” клуб, Эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн шилдэг хагас хамгаалагч/ тодорлоо. Оны шилдэг дасгалжуулагч Д.Батнасан, З.Баттулга нар тодорлоо.

/“Эрчим” 2015 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга, 2015 оны МХБХ-ны Цомын тэмцээний аварга/ 2015 оны шилдэг гоолын эзнээр Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс клуб, “Хүрхрээ” үндэсний дээд лигийн үеэр Хоромхон клубын эсрэг тоглохдоо /2015.06.06/ оруулсан гоолоороо уг шагналын эзэн болов. Оны шилдэг шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ /МХБХ-ны 1-р зэргийн шүүгч, 8 дахь жилдээ шүүгчээр ажиллаж байна/ тодорлоо.

“2015 оны бэлгэдлийн 11 тоглогч”-ийн хаалгачаар Э.Ариунболд (“Эрчим”), хамгаалагчаар Г.Төгөлдөр (“Эрчим”), Б.Гарьдмагнай (“Сэлэнгэ Пресс”), Ц.Энхжаргал (“Эрчим”), Н.Цэдэнбал (“Улаанбаатарын унаганууд”), хагас хамгаалагчаар Г.Батбилгүүн (“Эрчим”), О.Баяржаргал (ФЦ Улаанбаатар), Х.Цэнд-Аюуш (“Улаанбаатарын унаганууд”), А.Улсболд (“Хоромхон”), довтлогчоор Н.Наранболд (“Хоромхон”), Ц.Түмэнжаргал  (Улаанбаатарын унаганууд) нар тус тус багтсан байна. “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулахын зэрэгцээ МХБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгосон бөгөөд орон нутгаас “Хужирт” клуб, “Арвайн үндэс” ХХК, “Жи Эн Бевережис” ХХК, NTV телевиз, “Их Монгол” ХХК тус тус хүртлээ.

Д.Өлзий

Связанные новости