“Эрдэнэт үйлдвэр” 3.4 сая мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
uranatuya@gmail.com
2024-05-03 15:28:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” 3.4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн мод тарьж, ургуулж буй байдалтай танилцах, энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нарын Ажлын хэсгийн гишүүд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мод тарьж ургуулах үйл ажиллагаатай танилцлаа.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин  2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан юм. Энэ хүрээнд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг байгуулж, 100 сая модыг 13 аймгийн нутагт орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах “Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байгаа юм. Тодруулбал,

• Хангайн бүсэд 33 сая мод,

• Говийн бүсэд 30 сая мод,

• Суурьшлын бүсэд 27 сая мод,

• Хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийсэн байна.


“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тус үйлдвэрээс үр, хөрс, тарьц суулгацын үйлдвэрлэлийг цогцоор нь шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгааг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба танилцууллаа.

 

Тухайлбал, бэлтгэл шатанд Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төв, Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж, идэвхжүүлэх үе шатанд Говийн бүсийн мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалтыг эхлүүлж, үйлдвэрлэл, борлуулалт, тарилт, арчилгаанд анхааран ажиллахаар төлөвлөжээ. Үүнээс 100 тонн үрийг богино болон урт хугацаанд хадгалах, 20 мянган тарьц, суулгацыг агуулах хүчин чадал бүхий “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 оны зургаадугаар сард ашиглалтад орсон. Тус төв нь модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.



Түүнчлэн жилд 30 тонн ашигт бактер үржүүлж, 200 тонн микоризтой хөрс бэлтгэх, малын бууц, үртэс, навч гэх мэт органик үлдэгдлийг ашиглаж  жилд 12 тонн биобордоо, 2,000 литр шингэн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төвийг 2024 оны зургаадугаар сард нээхээр төлөвлөжээ. Түүнчлэн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт энэ онд эхлэх юм.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уул уурхайн компаниудад том боломж бий болгосон.  Европын Холбооноос цаашид уул уурхайн импортын бүтээгдэхүүнд ногдуулах нүүрстөрөгчийн татварын механизмыг боловсруулж байгаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулснаар эдийн засгийн үр ашгаа өсгөж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.


Ажлын хэсгийн гишүүд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, суурьшлын бүсийн ойжуулалт буюу Хангалын гол дагуух ойжуулалт, баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайтай танилцлаа.

Бүс нутгийн усны нөөцийг нөхөн сэргээх, төгөл байгуулах зорилтын хүрээнд Орхон аймгийн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Хангалын гол дагуу 3 сая мод тарих ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар 63.3 га талбайд 453 мянган ширхэг бургас, улиас, харгана, үхрийн нүд тарьжээ.

Түүнчлэн 2027 он хүртэл хэрэгжүүлэх “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийг баталж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 2022-2023 онд нийт 3 сая мод тарьсан байна. Ингэснээр Хаягдлын аж ахуйгаас 15 км нутагт үргэлжилж буй цагаан тоосны дэгдэлтийг сааруулж, Эрдэнэт хот болон бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.

 

Связанные новости