БАЯН-ӨЛГИЙ: Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар Өлгий хотод үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-12 10:31:08

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” 2024 оны А/150 дугаар тушаалын дагуу П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг энэ сарын 11-ний өдрөөс Өлгий хотын иргэдэд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгоо хийж байна.


Нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон нүүдлийн эмнэлгийн баг өнгөрсөн долоо хоногийн бямба гаргаас тус аймгийн Толбо сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм. 


Нүүдлийн эмнэлгийн баг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд лабораторийн шинжилгээ, дурангийн болон рентген оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, бамбайн, зүрх судас, дотрын эмчийн үзлэг хийж байна.


Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Өлгий хотод аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих төв дээр энэ сарын 14-нийг хүртэл ажиллана.  

Связанные новости