БАЯН-ӨЛГИЙ: “Торгоны зам” автомашин, мотоциклын олон улсын уралдаан 7 дугаар сарын 5-15-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-23 14:45:10

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол, Орос, Хятадын хамтарсан “Торгоны зам” автомашин, мотоциклын олон улсын ралли уралдааныг 7 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд ОХУ болон Монгол Улсын нутагт зохион байгуулна.


Уг уралдааныг анх 2009 онд Орос, Казахстан, Түркменистаны нутаг дэвсгэрт зохион байгуулж байсан. Харин Монгол Улстай хамтран хамгийн сүүлд 2019 онд Иркутск (ОХУ)-Улаанбаатар (Монгол)- Дуньхуан (Хятад) чиглэлийн уралдааныг амжилттай зохион байгуулсан ба тус уралдаанд 40 орны 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоциклоор оролцож байжээ.


Энэ жилийн 14 дэх удаагийн олон улсын ралли уралдаан ОХУ-ын Томск хотоос эхэлж, Монгол Улсын Баян-Өлгий, Ховд болон баруун бүсийн бусад аймгийн нутгаар дайран Улаанбаатар хотод хүрч өндөрлөнө. Тухайн 10 өдрийн хугацаанд тамирчид 5500 км зам туулна.


“Торгоны зам” автомашин, мотоциклын олон улсын ралли уралдааны зохион байгуулагчид өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл болон гааль, цагдаа, аялал жуулчлал, хил хамгаалах байгууллагын төлөөлөлтэй уулзав.


Уулзалтаар олон улсын уралдааны зохион байгуулалтын асуудлаар санал солилцож, оролцогчдын аюулгүй байдал, хил, гаалийн асуудал дээр бүх талын дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлагаас хүслээ.

Связанные новости