БАЯН-ӨЛГИЙ: Хорт хавдраар өвчлөгсдийн 73 хувь нь өвчлөлийн 3 болон 4 дүгээр үе шатанд оношлогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-09 14:21:01

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд хорт хавдрын 169 тохиолдол бүртгэгдсэн. Хорт хавдрын тохиолдлын тоо сүүлийн дөрвөн жил дараалан өссөн бөгөөд 2020 онтой харьцуулахад 41 тохиолдлоор нэмэгдсэн байна.


2023 онд хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 19 нь нэгдүгээр үе, 27 нь хоёрдугаар, 82 нь гуравдугаар, 41 нь дөрөвдүгээр үе шатанд оношлогджээ. Хорт хавдрын өвчлөлийн гурав болон дөрөвдүгээр үе шатанд оношлогдсон иргэдийн тоо нийт тохиолдлын 73 хувийг эзэлж байна.


Хорт хавдрын шинэ өвчлөлийг сумаар нь авч үзвэл, аймгийн төв Өлгий суманд хамгийн олон буюу 69 тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа Улаанхус (12), Сагсай (11), Ногооннуур (10),  Дэлүүн (9), Алтай (9), Толбо (9), Цэнгэл (8) сум орж байна.


Баян-Өлгий аймагт зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийг элэгний хорт хавдар тэргүүлдэг. Өнгөрсөн онд элэгний хорт хавдраар 40 иргэн өвчилсөн. Үүний дараа ходоод (39 тохиолдол), улаан хоолой (20 тохиолдол), уушги (3 тохиолдол), умайн хүзүүний (2 тохиолдол) хорт хавдар тус тус орж байна.   


2023 онд 112 иргэн, сүүлийн 5 жилд 534 хүн хорт хавдрын шалтгаанаар нас баржээ.  

Связанные новости