АПУ компани харилцагчиддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-22 14:29:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. АПУ хувьцаат компани 100 жилийнхээ ойгоо тохиолдуулан хамт олон, харилцагч, хамтрагч нартаа зориулж “Always Forward Together-Experience Show” нэртэй томоохон өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. 


Энэ нь нийт хамт олон, харилцагч, хамтрагчиддаа бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг үйл явц, түүхий эд татан авалт, брэндийн утга учир, үнэ цэн, түүх, уламжлал, инновац гэх мэт бүхий л мэдээллийг нэг дор хүлээн авах боломж олгож, туршилгаа хуваалцсанаараа компанийн түүхэнд төдийгүй Монголдоо анхны гэгдэх үйл ажиллагаа боллоо. Түүнчлэн тухайн компанийн харилцагч хэн бүхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл явцыг сонирхох, сонирхсон бүтээгдэхүүнийхээ үүх түүхийг мэдэх, амтлах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнтэй танилцах, бусад харилцагч нартайгаа туршилга солилцох боломж олгосон шинэлэг хэлбэр бүхий сонирхолтой өдөрлөг байлаа.


АПУ компанийн хувьд олон улсын түвшинд хүрсэн өвөрмөц брэндүүдийг бүтээж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновацийг тасралтгүй хийж буй бөгөөд 100 жилийн хугацаанд дэлхийд үнэлэгдэх үнэ цэн бүтээлцэж буй харилцагч, хамтрагчидтайгаа шинэ санал санаачилгаар хамтдаа урагшилж, шинийг эрэлхийлэн мэдлэг туршлагаа хуваалцахыг зорьсоор байгаа юм. Энэ утгаараа компанийн үнэ цэнийг хамтдаа бүтээлцэж ирсэн хамт олон, харилцагч, түншүүддээ зориулан салбарын шинэ жишгийг хамтдаа тодорхойлж, үйл ажиллагааны талаарх бүхий л талын мэдээллийг хүргэн, салбарын ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг түгээж, мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл зэрэгтэй танилцах боломжийг цогцоор нь бүрдүүлж өгсөн байна.


Өдөрлөгийн үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Манай компанийн өнөөдрийн үнэ цэнийг үе үеийн хамт олноос маань гадна бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаа, борлуулалт, тээвэр, түгээлтийн бүхий л шат дамжлага дахь нийт харилцагч та бүхэн хамтран бүтээлцсэн. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн амжилт бүхэнтэй хамт байсан бүх харилцагч нартаа талархлаа илэрхийлье” гэлээ.


Хоёр өдрийн турш үргэлжилсэн, 6000 хүнийг хамруулсан энэ шоу өдөрлөгийн үеэр АПУ компани нийт харилцагчиддаа өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ болон ирээдүйд төлөвлөсөн ажлаа нээлттэй танилцууллаа.






АПУ компани нь газар тариалан, мал аж ахуй, тээвэр ложистик, худалдаа, үйлчилгээний зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 15 мянга гаруй хамтрагч, ханган нийлүүлэгч, харилцагчдын хамт Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Мөн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани бөгөөд 28 мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй 2400 гаруй ажиллагсадтай, 11 мянган харилцагчтай,  үндэсний томоохон үйлдвэрлэгч. АПУ компани одоо 460 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын шингэн хүнсний хэрэглээг хангж буй бөгөөд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 90 гаруй нэр төрлийн шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна.


Эх орны өндөр шимт цэвэр орц, найрлага, олон жилийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн инновациар дамжуулан АПУ компани дөрвөн тивийн найман улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр үйлдвэрлэлийн төслийг эхлүүлэн ажилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөрөө дамжуулан малчдын орлого, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт хөрөнгө оруулалт хийх замаар үйлдвэрлэлээ өргөжүүлж буй юм. Орон нутаг дахь энэхүү гэр үйлдвэрлэл нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн орчин үеийн хэрэглэгчдийн онцлогт нийцсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндүүдийг үйлдвэрлэж байна.  


АПУ компани хариуцлагатай, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх эерэг манлайллын төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Соёлоор гоёно: Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”, “Байгальд биш байх ёстой газар нь” шилний хог хаягдлыг бууруулах төсөл гэх мэт нийгэмд эерэг нөлөөллийг үлгэрлэн дэлгэрүүлэх кампанит ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43-р зарлигтай уялдуулан бага градус бүхий олон бүтээгдэхүүн гаргасны нэг нь залуусын хэрэглээний шинэ трэнд, соёл бүхий RTD (Ready to drink) буюу шууд хэрэглэх коктейлийг гарган хэрэглэгчдэдээ хүргэж байна.


100 жилийн ойгоо угтан компанийн уриа үгээ “Үргэлж өөдөө” буюу “Always Forward” хэмээн шинэчилж, шинэ эрхэм зорилго, ирээдүй рүү чиглэсэн алсын хараатайгаар үйл ажиллагаа явуулж буй АПУ компани зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 410 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллажээ. 










Холбоотой мэдээ