ГОВЬ-АЛТАЙ: Цахим шилжилтийг эрчимжүүлэх "Dijital first-D1" үйл ажиллагаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-03 16:41:21

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.


Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.04.03) Говь-Алтай аймагт ажиллаж, орон нутгийн удирдлагууд, албан байгуулллагын удирдлага, алба хаагч, иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, ахлах ангийн сурагчидтай уулзаж, цахим харилцаа холбооны талаар мэдээлэл хүргэлээ. 

Уулзалт сургалтаар цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хүргэсэн бол Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”-аар танилцуулга хийсэн юм. Мөн Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ, И-Монгол академи УТҮГ-аас танилцуулга, мэдээлэл хийсэн юм. 



Говь-Алтай аймгийн харилцаа холбооны статистик үзүүлэлтээрээ шилэн кабелийн сүлжээнд 18 сум бүрэн хамрагдсан бол үүрэн холбооны сүлжээтэй 67 баг, үүрэн холбооны хэрэглэгч 71,563, суурин интернетийн үйлчилгээг 3062 хэрэглэгч, олон суваг дамжуулах үйлчилгээг 8030 хэрэглэгч авч байна. 2023 оны аравдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хийсэн судалгаагаар тус аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр улсад долоодугаар байр, цахим шилжилтийн хэрэгжилтийн үнэлгээгээр есдүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Харин баруун бүс нутагтаа Ховд, Увс аймгийн дараа жагссан тухай Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар танилцууллаа. 


Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ш:Эрдэнэбат: -“Манай аймаг мэдээллийн технологийн дэд бүтцийн хүрээнд Мэдээлэл холбооны сүлжээ, бүх сумд шилэн кабельд бүрэн холбогдсон, 88 багаас 52 баг 4G сүлжээнд, 1 баг 3G сүлжээнд холбогдсон, 5 баг 2G сүлжээнд холбогдсон ба сүлжээнд холбогдоогүй багуудыг бүх нийтийн үүргийн санд сүлжээ оруулах саналыг жил бүр тусган ажиллаж байна. Шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх чиглэлээр байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон бусад салбаруудад мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны нэвтрүүлэх, мэдээллийн технологид суурилсан үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах бодлогыг дэмжин ажиллаж байгаа. Үүний сацуу Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтыг тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд он гарснаас хойш И-Монголиа нэгдсэн системээс 6829 иргэнд цахимаар төрийн үйлчилгээг хүргэсэн” тухай онцлон танилцууллаа. 



Говь-Алтай аймагт Төрийн цахим үйлчилгээний хэлтэс байгуулахад холбогдох албанаас дэмжлэг үзүүлэн үйлчилгээний байр, урсгал зардал, тоног төхөөрөмжөөр ханган, иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгүүдийг нээснээр операторын системээр үйлчлүүлсэн иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 26000 гаруй иргэн цахим үйлчилгээ авсан байна.

Мөн аймгийн хэмжээнд нийт төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны “И-АР-ПИ” цахим системийг 2019 оноос хойш тогтмол ашиглаж байгаа бөгөөд төрийн албан бичиг солилцоог цахимаар явуулж хэвшсэн тэргүүлэх аймгуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар И-АР-ПИ системд 132 байгууллагын 1200 гаруй албан хаагчид ашиглаж байгаа нь төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардлыг тодорхой хувиар бууруулж, үйл ажиллагааг цахимжуулан ажиллаж байна.


Үүний сацуу төрийн архивын цахимжуулалт 2022 оноос эхлэн E-Document программ дээр 247 хөмрөг, 313 данс, 13130 хадгаламжийн нэгжийг төрийн архивын цахим програмд бүртгэж архивын лавлагааг иргэдэд цахимаар авах боломжийг бүрдүүлсэн байна. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр Говь-Алтай аймгийн хувьд цахим шилжилтийн хэрэгжилт тодорхой үр дүнд хүрч, төрийн албан хаагчид төрийн цахим үйлчилгээ нэвтрүүлж ашиглах талаар хүсэл эрмэлзэлтэй, иргэдийн цахим ур чадвар сайжирсан, харилцаа холбооны дэд бүтцийн бэлэн байдал дээшилж байгаа. Цаашид орон нутагт цахимжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүн  өгөөжийг нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага тулгарч байгааг онцолсон. Тухайлбал мэдээллийн технологийн мэргэжилтэй хүний нөөц, инженер, техникийн ажилчид хангалтгүй байгаагаас шинэ технологийг нэвтрүүлэхэд хүндрэл тулгарч байна. Дэд бүтэц, технологийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан, цахим технологийн хэрэглээ хязгаарлагдаж цахим зааг бий болж байна. Иргэд, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар хангалттай биш байгаагаас төрийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал хэвээр байна.Төр, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологи нэвтрүүлэх, нутагшуулахад өртөг зардал өндөр, санхүүжилт дутмаг байгаа зэрэг асуудлууд хөндөгдлөө.


“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, байгууллагууд үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцож байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх зорилготой үзэсгэлэн экспо болж байна.

Холбоотой мэдээ