ДУНДГОВЬ: “Эрчүүд эрүүл мэнддээ” аянаар эрүүл мэндийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-15 11:55:16
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЭМГ-аас 3 дугаар сарын 11-нээс “Эрчүүд эрүүл мэнддээ” аяныг зохион байгуулж байна.


Тус байгууллагаас жил бүрийн 3 дугаар сард эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэнддээ тавих анхаарлыг нэмэгдүүлэх замаар хорт зуршлыг бууруулж өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйл, шалтгааныг багасгах зорилго дэвшүүлжээ.


Аяны хүрээнд эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, эрэгтэйчүүдийн кабинетын үзлэг, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэг, эрэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


2023 оны байдлаар Дундговь аймгийн хүн амын дундаж наслалт 74.7 байгаа ба эмэгтэйчүүдийн дундаж наслалт 80, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 70.9 байна. ЭМГ-ын мэдээлснээр жилд нас барж байгаа иргэдийн 66,1 хувийг эрэгтэйчүүдийн нас баралт эзэлж, нас баралтын голлох шалтгаан нь хорт хавдар болон зүрх судасны өвчлөл, осол гэмтэл байдаг.


Аймгийн статистикийн хэлтсийн гаргасан хүн ам зүйн судалгаагаар 54-өөс доош насны иргэдийн дунд эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа ойролцоо байдаг бол 55-аас дээш, нас ахих тусам эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, эрэгтэйчүүдийн тоо цөөрсөн байна.


Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.1 жилээр бага, тэдний нас баралт мөн илүү байгаа тул эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, хорт зуршлын хэрэглээг бууруулах хэрэгцээ байгааг ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Саруулцэцэг тодотголоо.

Аян 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 



Холбоотой мэдээ