ДОРНОГОВЬ: Өвгөн суварга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-15 16:46:46

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн аялал жуулчлалын бүс нутгийн онцлох сонин сайхныг цувралаар хүргэж байна. Энэ удаа Хамарын хийдийн дэргэд буй Өвгөн суваргын тухай онцлов.


Ноён хутагт анх 1823 онд энэхүү суваргыг Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд бүтээн байгуулсан боловч 1937 онд буулгасан байдаг. Иймээс Монголын хамгийн том энэхүү суваргыг дахин шинээр сэргээн бүтээж 2011 онд нээлтээ хийсэн юм. Шинээр бүтээсэн 32 м уг суваргын таван талд язгуурын таван бурхан залж, оройд нь соёмбо байршуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож, олон боть цай, арц, иж бүрэн тавилгатай таван ханатай хоёр гэр, бурхан шүтээн, улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна.


Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалын дагуу жинхэнэ шүншгийг нь хийж битүүмжилжээ. Гол амин мод буюу сорогшинг Минжийн хангайгаас залсан бөгөөд уг суваргын дотор орших бурхан шүтээн, хана туурганы чимэглэл сэлт нь хүний хараа булааж, бишрэл төрүүлэм дахин давтагдашгүй ур хийцтэй, шашин урлаг соёлын гайхамшигт дурсгал болсон юм.

Холбоотой мэдээ