БАЯН-ӨЛГИЙ: 1022 өрх малаа малын индексжүүлсэн даатгалд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-22 16:28:04

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Баян-Өлгий аймгийн 1022 өрх малаа малын индексжүүлсэн даатгалд хамруулжээ.


Энэ нь Увс (2527), Ховд (1281), Завхан (1310), Говь-Алтай (2379) зэрэг баруун бүсийн аймгуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлт байна.


Дээрх 1022 өрх нийтдээ 139,6 мянган толгой малаа даатгуулжээ. Харин сумдаас Буянт сум хамгийн олон буюу 44,6 мянга, Цэнгэл сум 12,4 мянга, Алтай 10,4 мянга, Баяннуур 10,3 мянган толгой, Өлгий сум хамгийн бага 425 толгой малыг тус тус даатгалд хамруулсан аж.


Ташрамд сануулахад, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Малын индексжүүлсэн даатгал нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл, гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. Мөн нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой.


Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн 5 эсвэл 6 хувийг (аймаг тус бүрд Засгийн газраас тогтоосон малын хорогдлын босго хувь) давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгох зохицуулалттай ажээ. 

Холбоотой мэдээ