БАЯН-ӨЛГИЙ: 250 ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-09 13:06:49

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Нэгдүгээр цэцэрлэгийн 250 хүүхдийн багтаамжтай барилгыг шинээр барьж энэ сарын 8-ны өдөр ашиглалтад орууллаа.


Тус цэцэрлэгийн хуучин барилгыг 1960 онд барьсан ба 2013 онд тааз нь цөмөрч, цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.


Иймээс 2019 онд улсын төсвөөс 3,6 тэрбум төгрөг хуваарилж, хуучин барилгыг буулган оронд нь шинэ барилга барих ажлыг эхлүүлсэн юм. Барилгын ажлыг орон нутгийн "Мурап" компани гүйцэтгэлээ.


Өчигдөр болсон цэцэрлэгийн барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият,  “Мурап” компанийн захирал Х.Халиасхар нар оролцож цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчид, эцэг эхчүүдэд баяр хүргэлээ.


Ийнхүү стандартын шаардлага хангасан цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор аймгийн төвийн хүүхдүүдэд тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол олгох боломж бүрдэж байна. 













Холбоотой мэдээ