Бишкект өрнөсөн яриа хэлэлцээнүүдийг тоймлохуй

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-02 16:05:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аравдугаар сарын 23-27-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийхийн зэрэгцээ Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. 


Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Киргизийн нийслэл Бишкект Монгол-Киргиз, Монгол-ОХУ, Монгол-БНХАУ, Монгол-Узбекистан, Монгол-ШХАБ гэсэн олон талт уулзалтууд болж, харилцаа, хамтын ажиллагаа тойрсон өргөн яриа хэлэлцээнүүд өрнөсөн юм.


Монгол-Киргиз: Тууштай парламентын засаглал, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг онцлов

Монгол, Киргиз улсууд эртний түүх, соёлын холбоотой, хоёулаа нүүдэлчин, өнөөгийн Кригиз улсын нутаг нь Их Монгол Улсын нэгэн хэсэг Цагаадайн улсын голомт байв. Киргиз гэдэг нь Хиргис-Хяргас гэсэн нэрээс гаралтай үг гэгддэг. Хиргисүүд өнөөгийн Монгол Улсын нутгийн баруун хойд хязгаараас Енисей рүү шахагдаж, улмаар Енисейгээсээ Төв Азийн өндөрлөг дахь Тэнгэр уулыг түшиглэсэн, түүх бичлэгт бол "Уулын нүүдэлчид" хэмээн тэмдэглэгдэж ирсэн билээ. Түүхийг бүр нарийвчилбал, Монгол нутагт төр улсаа байгуулж асан эртний Түрэгүүдийн жинхэнэ залгамжир нь одоогийн Казахстан, Киргиз улсын нутагт нүүдэллэн очиж суурьшигсад хэмээн түүхчид үздэг юм байна. Монгол, Киргиз үндэстнүүд хаяа залган оршиж явсан төдийгүй өнөөгийн Киргиз Улсад монгол үндэстний нэгэн хэсэг амьдарч байна. Энэ бол 19 дүгээр зууны дундуур Зүүн гарын улсын нутагт болсон бослого, дайн тулаанд олзлогдсон, дайны хөлөөс дайжиж зугтсан хэсэг ойрад монголчууд юм. Киргизийн нутагт суурьшиж, улмаар цагийн эрхээр исламын шашинд орсон эдгээр монголчуудыг Сарт халимагууд гэдэг, өдгөө 10 мянга гаруй Сарт халимагууд Киргиз Улсад амьдардаг ажээ.


Орчин үеийн Монгол, Киргиз улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай орнууд билээ. Монгол Улс 2014 онд Бишкек хотноо Ерөнхий консулын газар нээж, улмаар 2019 онд Элчин сайдын яам болгож түвшин ахиулжээ. Харин Бүгд Найрамдах Киргиз Улс нь Монгол Улсад энэхүү 2023 онд Элчин сайдын яамаа нээгээд байна.


Монгол Улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга, 2003 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир нар Киргиз Улсад айлчилж байсан бол 2012 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бишкект болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны Ерөнхий сайд нарын уулзалтад оролцжээ.


Киргизийн талаас 1993, 2002 онд Ерөнхийлөгч А.Акаев, 2023 онд Ерөнхийлөгч С.Жапаров, 2004 онд Парламентын Доод танхимын төлөөлөгчдын хурлын дарга А.Борубаев, 2014 онд Ерөнхий сайд Д.К.Оторбаев Монголд айлчилжээ. Мөн хоёр талын Гадаад харилцааны сайд нарын хэд хэдэн айлчлал болсон байна. Энэ агуулгаараа хоёр улс найрсаг харилцаатай, Киргиз нь Монголоос ардчилал, нээлттэй нийгэм, улс төрийн намын тогтолцоо, сонгуулийн систем, иргэний шинэчилсэн бүртгэл зэрэг ардчиллыг хөгжүүлж буй туршлагаас хуваалцаж иржээ.


Нөгөө талаараа худалдаа, эдийн засгийн чамлахааргүй харилцаатай, 2022 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 5.12 сая ам.доллар байжээ. Монгол Улс Киргиз рүү хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл бүтээгдэхүүн зэргийг экспортолж,  хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тарианы будаа гэх мэт хүнсний бүтээгдэхүүн, хээгүй хивс, нэхмэл бүтээгдэхүүн импортлодог юм байна. Мөн хүмүүнлэгийн өргөн харилцаатай, өдгөө Киргизэд 80 орчим монгол иргэн амьдарч байгаагийн 26 нь оюутан аж.


Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Киргиз Улсад хийсэн ажлын айлчлал нь манай талаас Ерөнхий сайдын түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал юм байна. Тэрбээр Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар 2023 оны аравдугаар сарын 24-нд тус улсад айлчлав. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийн Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн юм. Мөн цаашид хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Айлчлалын үеэр хоёр талын тохиролцсон гол тохиролцоонууд:

  • “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Киргизийн талын саналыг хүлээн авч, дэмжихээ илэрхийлээд энэ асуудлаар талууд ОХУ, БНХАУ-тай нягт хамтран ажиллахаар тохиролцов.
  • Киргизийн тал Монгол, Киргиз, Солонгос зэрэг Азийн зарим ард түмэн хөх толботой төрдгийг онцолж, Бишкек-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут бий болгохоор хамтран ажиллахаар ярилцлаа.
  • Монгол Улсаас Киргиз Улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Киргиз Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих болон мал эмнэлэг, хорио цээрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.
  • Хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хөрөнгө оруулалт, экспортыг харилцан дэмжих, стартап компаниудыг хөгжүүлэх чиглэлд хоёр улсын төр, Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллахаа санал нэгтэй илэрхийлэв.
  • Мөн хоёр улсын нөөц бололцоо, давуу талыг ашиглан уул уурхай, эрчим хүч, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах шинэ боломжуудын талаар ярилцлаа.
  • Талууд Монгол Улсын санаачилсан “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Орхон аймгийн Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотлов.
  • Түүнчлэн түүх, соёлын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэж, Монгол, Киргизийн өв, соёл, зан заншилыг хоёр улсад харилцан таниулах хүрээнд Монгол, Киргизийн соёлын өдрүүд, соёл, урлагийн арга хэмжээг цувралаар хамтран зохион байгуулахаар болов.
  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг айлчлалын үеэр байгуулж, хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд тус бүр хоёр оюутныг монгол, киргиз хэл судлалын чиглэлээр сургахаар тохиров.
  • “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төсөл боловсруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхахдаа, түүний өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, энэхүү харилцан айлчлалуудын үеэр ярьж тохиролцсон ажлуудаа хэрэгжүүлэхийн төлөө  нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Ноён С.Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал”-ыг байгуулсан. Уг тунхаглалыг Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон энэ цаг үеийн хамгийн чухал баримт бичиг хэмээн хоёр тал үзэж байна.


1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан, өдгөө 7 сая хүн амтай Киргиз Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь алт аж. Хамгийн том Кумторын ордоос эхлээд дунд зэргийн нөөцтэй Жеруй, Талды-Булак, Левобережный, арай багахан Макмал, Бозымчак, Ункурташ, Иштамберды, Алтын-Жилга, Тохтазан зэрэг ордтой, жилд 20 орчим тонн алт олборлож, түүнийгээ дотооддоо цэвэршүүлэн гулдмай болгож барууны хөрөнгийн биржүүдээр худалдаалдаг юм байна. Цэвэршүүлэх, алтны хүдэр боловсруулах үйлдвэр нь “Кыргызалтын” ХК-ийн бүтцэд ажилладаг бөгөөд ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.


Цэвэршүүлэх үйлдвэр нь 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж "Good Delivery"-ээр баталгаажсан, боловсруулах үйлдвэр нь жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Английн үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн-999.9, мөнгөн гулдмайн-999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэдэг ажээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийсэн энэхүү айлчлалынхаа талаар "Манай хоёр улс 30 гаруй жилийн өмнө хамтдаа хөгжлийн нэг гараанаас өөр өөрийн аялалд гарсан гэж болно. Бусад Төв Азийн орнууд ч бидэнтэй яг адилхан өөр өөрийн хөгжлийн замыг олох аялалд гарсан. Хэдийгээр хоёр том хөршийн дунд геополитикийн амаргүй нөхцөл байдал дунд байдаг ч зөвхөн Монгол Улс л парламентын сонгодог загвараар тууштай хөгжиж явна. Айлчлалын яриа хэлэлцээнүүдийн үеэр Киргизийн тал биднээс маш их зүйлийг сурч байгаагаа, цаашид ч суралцах сонирхолтойгоо илэрхийлсэн нь их таатай байлаа. Өнгөрсөн 30 гаруй жилд бидэнд алдаж, оносон зүйл олон байгаа. Өнөөдөр бахархалтай нь бусад орон биднээс суралцаж байгаагаа илэрхийлж байна. Манай улсын баримталж буй нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг их үнэлж байна. "Алсын хараа-2050" урт хугацааны бодлого, сайн засаглал, цахим засаглалын туршлагаас суралцана гэж байна. Бүр өнгөрсөн 30 жилийн Монголын алдаа, онооноос суралцмаар байна гэдгээ илэрхийлж байна. Хоёр тал айлчлалын үеэр олон асуудлаар санал солилцож, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тохиролцлоо. Маш найрсаг, халуун дотно уур амьсгалтай, ахан дүүс мэт бие биенээ мэдэрсэн ажил хэрэгч айлчлал боллоо" хэмээн товч дүгнэж хэллээ.


Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг "Монгол Улсын Ерөнхий сайдын Киргиз Улсад хийсэн ажлын айлчлал нь Монголчууд хөрөнгө оруулагч болж байгаагаараа онцлог байна. Монголын мах, ноолуур, эрүүл мэндийн үйлчилгээг Киргиз рүү, улмаар Киргизээр дамжуулан гуравдагч орон руу гаргах боломжтой болсон. Киргиз бол Евро-Азийн 150 сая хүн ам, цаашлаад Арабын ертөнц рүү гарах цонх юм. Энэ агуулгаараа Монголчуудад өргөн боломж нээгдсэн айлчлал боллоо" гэлээ.


Монгол-ОХУ: Шинэ түвшинд, шинэ арга барилаар ажиллах хүлээлт


Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин нар анх удаа нүүр тулж уулзалдсан юм.


Хэдийгээр Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжин, хамтын ажиллагаа өргөжиж байгаа ч хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд 2019 оноос хойш нүүр тулж уулзаж амжаагүй явсан, үүнд дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахал, Орос-Украины дайнын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн билээ. Энэ агуулгаараа Л.Оюун-Эрдэнэ, М.Мишустин нарын уулзалт бол цаашид Монгол Улс, ОХУ Засгийн газрын түвшинд хэрхэн ойлголцож ажиллах вэ гэдэг өнгийг тодорхойлох уулзалт байв.


Уулзалтын өмнөхөн БНХАУ-ын Бээжин хотод болсон "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзаж ярилцсан төдийгүй Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар харилцааны ирээдүйн чиглэлийг тодорхойлсон нь Засгийн газрын тэргүүн нарыг дипломат оршил багатай, хоёр талын хүлээгдэж буй асуудлуудаа шууд ярилцах завшаан болов.


Тиймээс  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг тэмдэглэж, цаашид Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэд хэдэн саналыг тавьсан юм. Тухайлбал,

  • Хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах,
  • Эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх,
  • Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох,
  • Хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах,
  • ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх,
  • Боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавилаа.

Харин ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монгол Улс, ОХУ нь олон жилийн найрсаг харилцааны түүхтэй, стратегийн түншүүд болохыг тэмдэглэн, түүхийн хүнд цаг үед болон их бүтээн байгуулалтын жилүүдэд манай хоёр орны ард түмэн ямагт хамтдаа байж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг дурсан, цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүгээрээ Монголын талаас тавьж буй саналуудтай ОХУ-ын тал ч санал нэг байгаагаа нотолсон юм.


Энэхүү уулзалтаас Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд буюу Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны авто зам, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр тал тохирч, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын тэргүүн нар шууд холбогдож тодорхой асуудлуудаар шийдвэр гаргаж байхаар тогтсон нь шинэ түвшинд, шинэ арга барилаар ажиллах эхлэл боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байна.


Монгол-БНХАУ: Ажил хэргийн үр дүнд сэтгэл хангалуун байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, энэ хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар шинээр томилогдсон Ли Чянтай анхныхаа уулзалтыг хийсэн билээ. Ерөнхий сайд нарын дөрвөн сарын өмнөх уулзалт, яриа хэлэлцээний үндсэн агуулга олон жил хамтын ажиллагааны хүрээнд яригдсан ч эцэслэн шийдвэрлэгдэхгүй явж ирсэн асуудлууд, тэр дотроо хилийн боомтуудын төмөр замуудын холболт, усан цахилгаан станцын төсөл зэргийг 2023 онд багтаан шийдвэрлэж, ажлыг эхлүүлэх, улмаар 2024 оныг хоёр талын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн жил болгоход чиглэсэн гэж ойлгож болно.


Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд талууд Шивээхүрэн-Сэхээ хил дамнасан төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх, ажлын уялдаа холбоог хангах, “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгын хүрээнд Эдийн засгийн коридорын төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг хэлэлцээрүүдийг байгуулаад байна. 


Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр болсон Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтаар зарчмын тохиролцоонд хүрсэн асуудлуудаар хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж, ажлын тодорхой ахиц гарсныг сайшаан тэмдэглэлээ. Нэг ёсондоо талууд ажлын үр дүнд сэтгэл хангалуун байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн уулзалтын үеэр цаашид БНХАУ-тай байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх, Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


Их багтаамжийн нийтийн тээвэр буюу метро барих асуудлыг өмнө нь Улаанбаатар хотын удирдлагын түвшинд бусад талуудтай ярилцаж, тодорхой судалгааг хүртэл хийлгэсэн байдаг. Харин энэ удаа Засгийн газрын түвшинд анх удаа хөндөж, гурван шугамт метро барих боломжийн талаар БНХАУ-ын талтай ярилцлаа.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монголын талаас санал болгосон хамтран ажиллах сонирхолтой төслүүдийг Засгийн газрын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллах зэрэгт бэлэн байна гээд Улаанбаатар хотод метро барих асуудлын тухайд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын метро нь багтаамж, байгаль цаг уурын нөхцөл зэргээрээ Монголд хамгийн тохиромжтой загвар болох боломжтой байж магадгүй. Тиймээс газар нь очиж танилцаад, шаардлагатай бол яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын Киргиз Улсын Бишкек хотноо болсон уулзалтын хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замыг шинэчлэх, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны авто зам болон ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой барих зэрэг төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар хоёр тал тохиролцлоо.


Монгол-Узбекистан: Ардчиллын амжилт хийгээд хөгжлийн загварын тухай товч яриа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо олон уулзалт хийсний нэг нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Ариповтай хийсэн уулзалт байв. 2023 оны аравдугаар сарын 26-нд болсон энэхүү уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын төгсгөлд хэлсэн юм.


Ноён А.Н.Арипов Узбекистаны зах зээл Монголчуудад үргэлж нээлттэй байна, тиймээс хамгийн боломжтой хувилбаруудаараа ор хэмээн уриад Монгол Улсын ардчилал, гадаад бодлогын амжилтаас суралцаж байгаагаа онцолсон байна. Улмаар Монголын хөгжлийн загвар бол манай улсын ирээдүйн хөгжлийн загвар гэж хардаг хэмээгээд цаашид хоёр талын харилцааг улам ойр дотно болгож, бие биенийхээ алдаа, онооноос харилцан суралцах шаардлага байгааг тэмдэглэжээ.


Монгол Улс Узбекистан Улсад суух Дипломат төлөөлөгчийн газраа ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЭСЯ нээгдснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.   


Монгол, Узбекистаны Ерөнхий сайд нарын энэ удаагийн уулзалтаар

  • Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг 2024 онд зохион байгуулах,
  • “Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулах,
  • Олон улсын авто тээврийн харилцааны тухай хэлэлцээр болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах,
  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын худалдаа, аж үйлдвэрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсад жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалах хамтарсан аж ахуй байгуулах, Монголоос арьс шир нийлүүлэх боломжийн талаар ярилцав.


Монгол, Узбекистан улс нь 1992 онд дипломат харилцаа тогтоож, Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хэдий  тийм ч өнгөрсөн хугацаанд дээд, өндөр түвшинд айлчлал хийгдээгүй аж. Тиймээс Узбекистан Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдыг эх орондоо урив.


Монгол ба ШХАБ: Идэвхтэй ажиглагч байр сууриа чанд баримтална


Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ бол 2001 онд Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан, БНХАУ-ын оролцоотойгоор байгуулагдсан, гишүүн ес /Казахстан, Киргиз, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан, БНХАУ, БНЭУ, Иран/, ажиглагч гурав /Монгол, Афганистан-дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж сүүлийн жилүүдэд оролцоо нь зогссон, Беларусь-гишүүн болох үйл явц нь эхэлсэн/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланк, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, БНТУ, Мальдив/, нийт 25 улсыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны механизм билээ. 


Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг хэмээн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон. Улмаар ШХАБ-ын гишүүн орнуудын Төр, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзалтад тогтмол оролцож ирсэн уламжлалтай. Энэхүү оролцоо нь хөрш хоёр орон болон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудтай харилцах харилцаанд таатай уур амьсгалыг бүрдүүлэх, хоёр болон гурван талын хамтын ажиллагааг урагшлуулах, тус бүс нутаг дахь сонирхлоо илэрхийлэх, тус байгууллагын талаар болон гишүүн, ажиглагч орнуудын бодлого, үйл ажиллагааны талаар илүү бодит мэдээлэл авах боломжийг олгодог улс төрийн ач холбогдолтой гэж үздэг юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ШХАБ-ын хүрээнд өрнөж буй эдийн засгийн үйл ажиллагаа, ялангуяа, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монголоор дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монголд төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллах сонирхлоо байнга илэрхийлж байна. 


Энэ жилийн буюу 2023 оны аравдугаар сарын 26-нд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.


Тэрбээр ШХАБ-ын хуралдаанд хэлсэн үгэндээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын идэвхтэй ажиглагч байх байр сууриа чанд баримтална гэдгийг ил тод илэрхийлэв. Энэ хүрээнд Монгол Улс цаашид ч ШХАБ-ын оролцогч орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байна. 


Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкект болсон ШХАБ-ын хурал дээр Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгааг онцолж, ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриаллаа. Тэрбээр, Далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй, дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэр оруулна хэмээсэн юм.

 

Мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон зорилт болгон “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай өрнүүлж байгааг мэдээлж, эдгээр төсөл хөтөлбөрт ШХАБ-ын оролцогч орнуудыг хамтран ажиллахыг хүсэв.  

 

Эцэст нь тэрбээр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны авто зам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын холбогдох төслүүдтэй уялдуулах, бүс нутгийн хэлхээ холбоо, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улс хөгжлийн төлөвлөгөөгөө “Бүс ба Зам” санаачилгатай холбон хэрэгжүүлэх боломж, сонирхол байгааг ШХАБ-ын түвшинд илэрхийлж, оролцогч талуудыг анхааралдаа авахыг хүссэн юм.


ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарийн өргөтгөсөн хуралдааны талаар судлаач, профессор Д.Баярхүү:

-Нэгдүгээрт, энэ удаагийн хуралдааны уур амьсгалаас ШХАБ их өөрчлөлтийн босгон дээр иржээ гэсэн сэтгэгдэл төрлөө. Хуралдаанд оролцсон Засгийн газрын тэргүүн нарын хэлсэн үгсийг анзаарвал өнгөрсөн хугацааны ололт амжилтаа магтан сайшаахын зэрэгцээ ШХАБ-д байгаа асар их нөөц боломжоо ашиглаж чадахгүй байна, цаашид энэ нөөц бололцоогоо ашиглая, энэ чиглэл рүү явъя гэдгийг ярьж байна. Геополитикийн тоглолтоосоо бүтээн байгуулалт руу шилжье гэж их уриалаа. Ер нь бол ШХАБ-д асар их нөөц бололцоо бий. Энэ талаар хуралдаанд оролцсон бараг бүх улс орны төлөөлөгчид хөндсөн. Олон улсын банк ажиллуулах, хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан байгуулах гэх мэт олон саналууд гарлаа. ШХАБ бол газар нутгаар ярих юм бол дэлхийн газар нутгийн бараг тэн хагас, дэлхийн хүн амын 42  хувь, Хятад, Энэтхэг, Орос гээд дэлхийн тэргүүлэх эдийн засгууд багтаж байгаа том нэгдэл шүү дээ. Тиймээс энэ бүх нөөц бололцоогоо ашиглая, хамтдаа хөгжье гэсэн санал санаачилгуудыг Засгийн газрын тэргүүнүүдийн өргөтгөсөн хуралдааны үеэр гаргалаа.


Хоёрдугаарт, Монгол Улсын хувьд хөгжил дэвшилд хэрэгтэй, эдийн засагт үр өгөөжтэй хамтарсан төслүүд, банк-санхүү, хөрөнгө оруулалтын дэд бүтэц, Ази-Европыг, Хятад-Оросыг холбосон дэд бүтцийн холболтууд илүү чухал гэдэг агуулгаар ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцож ирсэн. Энэ удаад ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гадаад бодлогыг тов тодорхой илэрхийлсэн. Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллана. Бүс нутагт өрнөж байгаа худалдаа-эдийн засгийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй, үр бүтээлтэй оролцоно гэдгээ илэрхийллээ. Бүр ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах салбар чиглэлүүдээ манай тал нэрлэлээ. Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбар гэх мэтээр. Мөн нэг шинэлэг нэг санал тавьсан нь далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэх уриалга байлаа. “Далай бол зөвхөн далайтай улс орнуудын өмч төдийгүй дэлхийн бүх улс оронд хүртээмжтэй байх нь улс орнуудын тэнцвэрт хөгжилд чухал хувь нэмэртэй” гэдгийг хөндөж тавьсан.


Гуравдугаарт, ШХАБ бол олон улсын засгийн газар хоорондын институц, гадаад хамтын ажиллагааны нэг том талбар гэдэг нь харагдлаа. Хуралдааны үеэр гишүүн орнуудын, тэр дундаа хоёр хөрш улс орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзаж ярилцах, харилцаагаа хөгжүүлэх том боломж гардаг. Энэ удаагийн ШХАБ-ын хуралдааны үеэр л гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр хөрш болон Узбекистаны Засгийн газрын тэргүүн нартай хоёр талын гурван ч том уулзалт хийлээ. Тэр хэрээр дээрх гурван улстай харилцаагаа боломжийн хэмжээнд ахиулчихлаа гэж харж байна. Энэ мэтээр ШХАБ-ын талбарыг ашиглан бусад улс оронтой харилцааны тулгамдсан асуудлаа шууд ярилцаж, тохиролцож байна гэдэг том амжилт юм хэмээн дүгнэн хэллээ. 

Холбоотой мэдээ