Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-27 15:33:09

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд төрийн байгууллагад авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүрэгтэй 1700 гаруй эрх бүхий албан тушаалтан ажиллаж байна.


Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах нь” сургалт зохион байгуулав. Сургалтад төрийн байгууллагын 120 гаруй эрх бүхий албан тушаалтан оролцож, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнд тусгасан ил тод байдлын асуудал, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт тавих хяналт, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг, ойлголт авч, харилцан ярилцав.


УИХ-ын тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан нь 10 зорилго, 46 зорилттой бодлогын томоохон баримт бичиг болсон билээ.  Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт хамрагдахгүй төрийн байгууллага, албан тушаалтан нэгээхэн ч үгүй. Эрх бүхий албан тушаалтнууд тус хөтөлбөрийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй”-г АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтох онцолжээ.


Засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж батлан, хөтөлбөрийг үр дүнд хүргэхээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ