Нийслэлд 290 гаруй ширхэг тарваганы мах, түүхий эд нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-24 11:47:17

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг өнгөрсөн хоёр сард эрчимжүүлснээр 86 удаагийн үйлдлээр 294 ширхэг тарваганы мах, түүхий эд нийслэлд нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрүүлжээ.


Дээрх зөрчилд хамаатуулан 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулан, 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, хураасан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, зохих журмын дагуу устгасан байна.


НОБГ, ЦУГ, ЭЦА, ТЦА-ны хамтарсан ажлын баг Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, СХД-ийн “Эмээлт, Баруун туруун”, ХУД-ийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан хуваарийн дагуу НОБГ, ЦУГ, ЭЦА, МЭГ, ЭМГ хамтран “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийн үүрэг гүйцэтгэл, үйл ажиллагаанд 25 удаа хяналт тавьж, үүрэг чиглэл, мэргэжлийн заавар зөвлөгөө өгснийг НОБГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ